ОХУ-ын Засгийн газар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсын иргэд Монгол Улсад олноороо ирж байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 5000 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсний 1000 гаруй нь өнгөрсөн 24 цагт нэвтэрчээ. Онцлоход тэдний 60 гаруй хувь нь эрэгтэй байна.
Иймд ОХУ-ын Засгийн газар цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох тухай тушаал гаргана гэж хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа.
Мэдээлэлд өгүүлснээр энэхүү хориг есдүгээр сарын 28-наас хэрэгжиж эхлэх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны үеэр иргэдийг хилийн чинад руу зорчихыг хязгаарлахгүй гэж Оросын Төрийн Думаас мэдэгдсэн билээ. Харин эрчүүд Оросоос гарахаар бол цэргийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай аж.
Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид явагдаж байгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх бүх нийтийн санал хураалт есдүгээр сарын 27-нд дууссаны дараа цэргийн дайчилгаанд хамрагдах насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглох тогтоол хэрэгжиж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.СОЛОНГОО:
-Монгол Улсын хилээр нэвтрэхийг хүсэж байгаа гадаадын иргэн аливаа холбогдох визийн болон тавигдах нөхцөлийг хангаад орж ирж болно. ОХУ-ын иргэд бол 30 хоног Монгол Улсад байх эрхтэй. Иймд тус улсын иргэн бол чөлөөтэй нэвтэрч байгаа. Оршин байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Сошиалаар цацагдаж байгаа зарим нэг гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүн дээр Хууль зүй дотоод хэргийн яам хөндлөнгөөс оролцож, тайлбар өгөх боломжгүй. Хэрэв Монгол Улсад байх зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн бол Хил хамгаалах ерөнхий газар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.