Г.Занданшатар: Хөдөлмөрийн насны залууст ажил хийх сонирхол алга

Г.Занданшатар: Хөдөлмөрийн насны залууст ажил хийх сонирхол алга

 

 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын өрийн байдал эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Нэг ёсондоо бид өрөөр халамжийг санхүүжүүлж байгаа гэж хэлэхэд болно. Үүнийг сүүлийн 10-аад жилийн статистик, тоо баримт харуулж байна. Улсын хэмжээнд ирэх онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Эцсийн дүндээ халамжийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг хатуу ойлгож, халамжийн бодлогыг цэгцтэй, оновчтой болгох шаардлагатай байна. Хамгийн гол нь, ажил байна. Залууст ажиллах сонирхол алга" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Манай улсын хүн амын насны бүтцэд ирээдүйд өөрчлөлт орно. Судалгаагаар 2050 он гэхэд 65-аас дээш насны хүн амын тоо гурав дахин нэмэгдэж 12 хувьд хүрнэ. Хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах тооцоотой байна. Тиймээс тэтгэврийн насыг бодож үзэж, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Ийм ирээдүйг харуулж байна. Иймд хөдөлмөрийн насны залуусыг бүх талаар нь дэмжих шаардлагатай байна" гэх мэдээллийг өглөө.