Сангийн сайд С.Жавхлан хоёрхон хоногийн өмнө 2023 оны төсвийн төсөлд татвартай холбоотой мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээлэл хийхдээ нэлээн олон төрлийн татвар нэмэх болсоныг дуулгасан нь олны дургүйцлийг маш ихээр хөдөлгөжээ. С.Жавхлан сайд тухайлбал татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ. Жишээ нь0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлөхөөр болж байна.
Сайд мөн янжуур тамхины татварыг хоёр дахин, электрон тамхийг шингэн эсвэл халаадаг гэдгээс үл хамааран 20 хувийн татвартай болгож, цаашид нэмэгдүүлэх бодлого баримтлана гэв. Энэ төслөөр татвар тогтоогдвол утаат тамхины үнэ нэг хайрцаг нь 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх бол угийн янжуураасаа илүү үнэтэй байгаа электрон тамхины хамгийн хямдхан нь л гэхэд 14000 төгрөгөөс 22000 төгрөг болж суга өсөх дүр зураг харагдаж байна.
Электрон тамхи сүүлийн хоёр жил олон тооны хэрэглэгчтэй болж, ийм төрлийн тамхиар дамжуулж тамхинаас гарч буй олон хүн бий болжээ. Харин Сангийн яамнаас, С.Жавхлан сайдын зүгээс хоёр төрлийн тамхины татварыг ингэж ялгаатай нэмэхээр болсон нь электрон тамхины үнийг хэрэглэгчид нь дийлэхээ больж, буцаад утаат тамхиа татаж эхлэх эрсдэл үүсгэж байна. Энгийн тайлбарлабал Сангийн сайд С.Жавхлан утаат тамхины бизнесийг далдуураа дэмжсэн бодлого гаргаж, электрон тамхины хэрэглээг хааж байгаа үйлдэл нь хүмүүсийг “буцаад янжуур тамхиа тат” гэсэн явдал болох юм.