УИХ-ын намрын чуулган эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Чингис хааны эш хөргийг Их хуралдай танхимд залж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулав.
Намрын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Чингис хааныхаа захиасыг өдөр бүр санаж, дагаж мөрдөхийг үгийнхээ эхэнд уриалъя. Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, гео стратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд буй тиктоник шилжилт нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр ложистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг ард иргэдийн амжиргаанд хүнд цохилтыг өгч байна. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын үр дүнд байгуулсан найм дахь удаагийн парламент бүрэн эрхийнхээ тал хугацааг тууллаа. Өөрөөр хэлбэл, бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд тун бага хугацаа үлдээд байна. Бид гурав дахь удаагийн намрын чуулганаа нээж байна.
Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг нэг мөр засч залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэн "Шинэ сэргэлтийн бодлого" болон ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна гэлээ.