ОХУ-ын иргэнд алхаар цохиулсан монгол иргэний биеийн байдал хүнд байсны улмаас нас баржээ. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Тухайн иргэнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. ОХУ-ын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авна. ОХУ, манай улсын хувьд 30 хоног харилцан визгүй зорчих хэлэлцээртэй. Энэ хүрээнд тус улсын иргэд манай улсад орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо нэмэгдсэн юм. Өнөө өглөөний мэдээгээр манай улс руу орох талд нэг машин зогсож байна. Тэгэхээр ОХУ-ын иргэдийн орж ирэх урсгал өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс зогсонги байдалд орсон" гэлээ.