“ЮНЕСКО”-д хил дамнаж бүртгэгдсэн Монголын анхны нуур

“ЮНЕСКО”-д хил дамнаж бүртгэгдсэн Монголын анхны нуур

 

үүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний XVI их хурал боллоо. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ болон “ЮНЕСКО”-гийн  Монголын үндэсний комисс, Хүн ба  шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, “ЮНЕСКО”-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар зэрэг бусад холбогдох байгууллага хамтран зохион байгуулсан юм. Хурлын эхэнд “ЮНЕСКО”-гийн  Бээжин дэх төлөөлөгчийн  газрын захирал Шахбаз энэ онд бүртгэгдсэн Хан Хөвсгөл нуурын шим  мандлын  нөөц  газар болон 2021 онд бүртгэгдсэн Увс нуурын  хотгорын  хил дамнасан  шим мандлын  нөөц газрын батламжийг гардууллаа. “ЮНЕСКО”-гийн  “Хүн ба шим мандал хөтөлбөр” нь  байгаль орчинд үзүүлэх  хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилгоор  үйл ажиллагаа явуулдаг аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн шим мандлын  нөөц газруудын сүлжээнд есөн газрыг  бүртгүүлээд байна.

С.Болдсайхан: Хөвсгөл нуурыг дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгоно

Монголын үндэсний  комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан “ЮНЕСКО”-гийн  “Хүн ба шим мандал хөтөлбөр” нь 1970-аад оноос эхэлж хөгжиж эхэлсэн бөгөөд орчин үеийн тогтвортой хөгжил гэх ойлголтыг бий болгосон. “Хүн ба шим мандал хөтөлбөр”-ийн гол зорилго нь байгалийн ховор  үзэсгэлэнтэй газруудыг сонгож,  тухайн нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжруулах замаар тогтвортой аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх юм. Уг хөтөлбөрт  Увс, Хөвсгөл нуурыг бүртгүүлснээр ирээдүйд тухайн бүс нутагт амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн  тогтвортой аялал жуулчлал төслийг “ЮНЕСКО”-гоос  дэмжиж ажиллана гэсэн үг. Мөн хүн ба шим мандал сүлжээнд бүртгэлтэй байдаг бусад улс орнуудын мэргэжилтнүүдтэй санал солилцож, олон улсын хурлыг Монголд зохион байгуулах боломжтой. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Хөвсгөл нуурыг дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгох боломжтой” гэсэн юм.

Б.Одсүрэн: Увс нуурыг судлах, шинжилгээ хийх боломж бүрдсэн

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн “Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар 1997 онд “ЮНЕСКО”-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд  бүртгэгдсэн. Харин 2021 онд Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газрууд ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгор шим мандлын газар нийлээд хил дамнасан шим мандлын нөөц газраар  бүртгүүлж буйгаараа онцлогтой.  Хил дамнасан байдлаар бүртгүүлсэн нь Монгол Улсдаа анхны тохиолдол юм. Ийнхүү Увс нуурыг “ЮНЕСКО”-гийн шим мандлын  нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн бүс  нутгийн хэмжээнд судалгаа шинжилгээ хийх шинэ алхам болж байна.  Өнөөдрийн хурлаар судлаачид өмнө хийж байсан судалгаа шинжилгээний тухай танилцууллаа. Судалгаагаар  уур амьсгалын өөрчлөлтөөс мөнх цаст хайлж байгааг хэлж байна. Энэ нь мөнх цаст уулсаас эх авч урсдаг голууд татрах эрсдэлтэй. Мөн хуурайшилт нэмэгдэж хур тунадастай байх хоногийн тоо  багасаж байгаа нь судалгаагаар батлагдсан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах нь чухал болоод байна” гэв.