Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл 120 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн. Энэ хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих аяныг 2021 оноос эхлэн, нийслэлийн хэмжээнд дэд бүтэц, нэгдсэн харуул хамгаалалт, арчилгааны асуудлыг шийдсэн таван байршлыг сонгон, нутгийн захиргааны байгууллагууд болоод иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран мод тарьж эхэлсэн юм.
2022 оны хавар нийт 246 мянга гаруй модыг дээрх таван байршилд тарьсан бол намрын мод тарилтаар өмнө нь тарьсан модоо ургуулъя гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Намрын мод тарих арга хэмжээний нээлт өчигдөр /2022.10.08/ боллоо. Нээлтийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Жаргалант тосгоны хогийн хонхор гэж нэрлэгддэг хуучин хогийн цэг орчмын 100 га талбайн “Инчон Мөрөөдлийн ой” төслийн талбайгаас эхлүүлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, БНСУ-ын Инчон хотын дарга нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус талбайг байгуулсан.
Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа, Инчон хотын Амьдрах орчны хэлтсийн дарга Ян Кьюн Мо, Ойжуулалтын нэгдлийн дарга Чой Су Рион, Иргэдийн зөвшилцөх уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Хай Жа тэргүүтэй албаныхан оролцож, 2000 мод тарив. Мөн дээрх талбайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуваарийн дагуу нийт 1000 мод тарьж байна.
Тус талбайг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар, Инчон хотын Байгаль орчны газрууд хамтран тухайн газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулаад буй. Одоогийн байдлаар дөрөв дэх жилдээ нийт 46 га талбайд 90.000 мод тариад байгаа юм.
Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 8, 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг тус цэцэрлэгт хүрээлэн нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарих юм.
Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган мод тарьсан бол энэ намар 110 мянган модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэнтэй хамтран тарина. Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьж байна.
Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.