МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Нямбилэг
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаанууд болллоо. Манай улсаас эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар өрсөлдлөө.
Эрэгтэй 73-д Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар "С" хэсгийг тэргүүлэн барилдсан.
Эхлээд манай бөх Израилын Левин Идог торгуулиар цэвэр яллаа.
Дараа нь өнгөрсөн жилийн идэрчүүдийн дэлхийн аварга Румыний Адриан Шулькаг хоёр вазаригаар цэвэр давсан.
Хэсгийн аваргын төлөө Панамерикийн аварга, Канадын Артур Маргелидоныг өчин, иппон яллаа.
Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, ДАШТ-ээс медаль авах нь баталгаатай болсон.
ДАШТ-ий финалд дэлхийн аварга Японы Соичи Хашимотог хавирахад нь зөрүүлэн этэж, ялснаар дэлхийн аварга цолтны эгнээнд хүч түрэн орж ирлээ.
Түүнээс өмнө Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан юм.