Үнийн өсөлтөө хазаарлах чадалгүй Төр

Үнийн өсөлтөө хазаарлах чадалгүй Төр

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа. Саяхан л мянган төгрөг байсан талх 2500 орчим төгрөг болжээ. Мянган төгрөгийн бараа гэдэг ойлголт байхгүй болов. Шалтгаан нь ам долларын ханш өссөн. Эсвэл тээврийн зардал нэмэгдсэн гэдэг ганц хоёр шалтгааныг нийлүүлэгч нар хэлдэг. Өнөөхийг нь тоть шиг давтаж иргэдэд хэлдэг нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид. 

Монгол Улсын Хувьд үйлдвэрлэгч биш. Гэхдээ гадаад орчин буюу БНХАУ болон ОХУ-аас дийлэнх хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ татан авдаг. Тус хоёр улсын хувьд гадагшаа зарж буй бараа бүтээгдэхүүнээ хязгаарлаж буй ч Монголд нийлүүлэхдээ огт хязгаар тогтоохгүй байгаа. 

Харин Монгол улсын хувьд татан авалт дээрээ өөрсдөө мунгинаж, дугаарлалт үүсгэх, уртын урт дараалал бий болгох зэргээр өөрөө өөрийгөө боомилчихоод суугаа. Тэгчээд тэр бүх буруугаа бусдад чихээд сууж байна. Яг л айлын эрх хүүхэд алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй өөр хэн нэгнээс нэхдэгтэй ижил. Энэ л зарчмаар бусдад бурууг өгсөн төр бидний өмнө мэлзэж сууна. Эрээн-Замын-Үүд хооронд ачаа гацчихлаа. гацааг арилгах гэж байна гэж ярьж хэлсээр даруй жил тойрч байна. Саяхан нэг юм арай дээрдлээ гэж дуулдав. Үнэн хэрэгтээ нугалаа үүсгэх, ашиг олох гэсэн төрийн албаны дунд шатны хувалзнууд л ийм гайг чирч буй. Тэд хэн ч дээр нь ирсэн ховхордоггүй. Дээр суугаагаа атгандаа оруулчихдаг юм шигээ. Төр нь тэднийг өөгшүүлээд сурчихсан. 

Ам долларын ханш нүдэн дээр цэцэглэж байна. Хариуцлага хүлээдэг хүн алга боллоо. Ам доллар өсөөд буй шалтгаан нь шууд л гадны нөлөөтэй гэж мэлздэг болов. Үнэн хэрэгтээ урагшгүй төсөв, утгагүй мөнгөний бодлогын алдаа гэдгийг төр хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хөндөхгүй суугаа УИХ-ын дарга Г.Занданшатар таныг гайхаж байна. Бас Монголбанкны Ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална хэмээн хэдэн сарын өмнө ярьж суусан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны алдаа юм. Тэр үедээ арга хэмжээ авсан бол өнөөдөр ажил хийх нэгэн Монголбанк дээр очих ч байсан юм билүү. 

Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, таны авдаг цалингийн ханш уруудаж буйд та бид биш харин Төр нэртэй улс төрчид түмэн буруутай. Тэд буруугаа ухаарахгүй цагт бидний амьдрал өөдлөхгүй уруудаж, эдийн засаг элгээрээ хэвтэж, эргээд л олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол улс орох нь ээ.