Энэ сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ... суманд 12 настай, эрэгтэй хүүхэд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ. Хэргийг газрыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч, нас баралтын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Харин хэргийн газарт Шүх шинжилгээний байгууллагын алба хаагч буюу шинжээч эмч одоо болтол очоогүй байгаа аж. Тодруулбал, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний алба ганцхан эмчтэй бөгөөд эмч нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас хэргийн газарт очих шинжээч байхгүй аж. Тиймээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч эмч авчруулахаар хүсэлэт гаргаж, өнөө өглөө /2022.10.24/ шинжээч эмч Өмнөговь аймаг руу гарсан байна.
Нас баралтын шалтгаан нөхцлийг тодруулах шинжилгээг хүн нас барснаас 6-7 цагийн дараа хийх журамтай бөгөөд энэ хугацаанд хийсэн шинжилгээ нь үнэн бодит буюу хэрэг зөв шийдэгдэх шалтгаан болдог аж. Гэтэл ийнхүү боловсон хүчин дутагдалтайгаас заасан хугацаанд шинжилгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Өмнөговь аймгийн ШША шинжээч эмчийн 3 орон тоотой ч ийнхүү ганц эмч ажилладаг байна. Шалтгаан нь сэтгэлзүйн хувьд хүнд дарамттай, эрүүл мэндийн хувьд хортой нөхцөлд ажилладаг ажлын байр хэр нь 1 сая орчим төгрөгийн л цалинтай байдаг учраас ийнхүү тус албанд ажиллах мэргэжлийн хүн олддоггүй аж.
Сүүлийн үед амиа хорлох хэрэг тогтмол нэмэгдэж байгаа тоон судалгаа бий. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд амиа хорлох тохиолдол нэмэгдсээр байна. Шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн халамж анхаарал дутсан, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт зэрэг нь зонхилох хувийг эзэлдэг байна.
Хамгийн гол нь хүүхэдтэйгээ байнга ярилцах, тэднийг сонсох, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөх, тулгарсан асуудлыг нь хамтдаа шийдэх нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.