Монгол Улс Эдийн засгийн бүтцээ солонгоруулна гэж яриад хэдэн арван жил болчихов. Гэвч өнөөх бүтэц нь ганц уул уурхайн салбараас шууд хамааралтай хэвээрээ байна. Гэтэл эдийн засгийг солонгоруулах ёстой жижиг дунд үйлдвэрлэл нь огт хөгжихгүй, байрандаа гацсан хэвээрээ байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого ярихаараа төр зээл өгнө. Зээл өгнө гэдэг ч шалгуурт нь тэнцэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бараг л алга. Өнөөх хөнгөлөлттэй зээлийг нь танил тал, эрх мэдэлтэнтэй ойр ганц нэг нь аваад хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл үгүй дуусдаг.
Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг зөвхөн зээл тусламжаар дэмжих бодлого нь хэт хялгаарлагдмал юм. Гэтэл төр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих олон боломж байна. Үүнийгээ ашиглахгүйгээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж байхгүй.
Тухайлбал төрөөс худалдан авдаг том жижиг худалдан авалтыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр гүйцэтгүүлэх боломжтой. Оюу толгой, Эрдэнэт гэх мэт томоохон уул уурхайн хамгаалалтын хэрэгсэл, хувцас, бээлий зэргийг жижиг дунд үйдвэрлэл эрхлэгч нар нийлүүлж болно. Гагцхүү их хэмжээгээр ганц нэгээрээ нийлүүлж чадахгүй. Иймд төр зохион байгуулалтыг нь хийж өгөөд нэгдсэн хэлбэрт шилжүүлэх замаар худалдан авалтаа хийх боломж байгаа юм.
Тухайлбал таван толгой түлш ХХК нь сайжруулсан шахмал түлшээ шуудайд савлан борлуулдаг. Уг шуудайгаа БНХАУ-аас 11 тэрбум төгрөгөөр жил бүр худалдан авдаг байна. 11 тэрбум төгрөгийг зөвхөн шуудай авахын тулд бид гадагш нь урсгаж байна гэсэн үг. Гэтэл энэ мөнгө нь 1000 оёдолчинг бүтэн жилийн турш ажлын байртай, орлоготой байлгах боломж юм. Энэ боломжийг бий болгохын тулд 1000 оёдолчинг багтаасан кластер үүсгэх хэрэгтэй. Ийм боломж байна гэдгийг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн дарга Гангамөрөн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Энэ мэт олон боломж төрд байна.