Цагаадсан гэх тайлбартайгаар С.Баярцогт улс төрд эргэн ирэв

Цагаадсан гэх тайлбартайгаар С.Баярцогт улс төрд эргэн ирэв

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан юм. 

С.Баярцогтыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Оффшор бүсэд их хэмжээний мөнгө угаах хэлбэрээр улсад хохирол учруулсан гэх шалтгаанаар Монгол Улс болон Швейцарийн холбооны улсад хэрэг үүсгэсэн билээ. С.Баярцогт нь дээрх хэргүүдийнхээ талаар дараах тайлбарыг өглөө. 
С.Баярцогт: Энэ хэргийг Монгол Улсын тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байдаг.  Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч миний нэр дээрх хэргийг шалгасан юм билээ. Дээрх хэргийг далимдуулж Монгол улсын хуулийн байгууллага намайг 6 жил шалгасан. Нэг л шалтгаанаар 6 жил цагдан хорьж, мөрдөн шалгаж, бүхий л байдлаар намайг хязгаарлах хэлбэрээр тарчлаасан. Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн. Иймд энэхүү хаагдсан хэргийн материалаа нийслэлийн прокурорын газарт өгч байна. 

Намайг зохион байгуулалтайгаар гүтгэхийн тулд 2016 онд хэрэг үүсэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үедээ авлига, мөнгө авсан байж магадгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан шатны шүүхээр орсон. Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүх болон дээд шүүхийн эрүүгийн нийт хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгагддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Нэмэлт мөрдөн байцаалтад бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил Швейцарьт 2016 онд энэ хэргийг үүсгэж, Монголын хоёр, гурван бизнесменүүдээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарийн холбооны улсын банк, Хонгконг, "Рио Тинто" компанитай холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулсан. Олон орны хууль хүчний байгууллага оролцож мөрдөн шалгасан учраас ийнхүү өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй болгож айна. 

Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар нөлөө орсон гэж үздэг. Швейцарь эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Ийм улсад хэргийг шалгаж, цагаатгасан явдалд туйлын баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй хууль засагладаг эрин үе ирснийг харуулж чадлаа. Би анхнаасаа хэвлэл мэдээлэлд нээлттэй байсан. Өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг өгдөг байсан. Зургаан жилийн хугацаанд сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар тогтоогдлоо. Хувь хүний хувьд маш их хугацаа. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан.

Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулсан. 2009 оноос хойш сайн муугаар бичигдэж, бас элдэв янзаар гүтгүүлж өнөөдрий хүрлээ. Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэ бол Оюутолгой. Цаг хугацаа аливаа бүхний шалгуур. Одоо энэ төсөл хамгийн том төсөл. Тийм учраас тухайн үед улс төрийн дайралт ирж, давж гарна гэдэгтэй итгэлтэй байсан. Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь заяаныхаа хувьд хэлмэгдэж ирсэн. Хувь хүн хэлмэгдэж болох ч Монголын хувьд заяа төөрч болохгүй. Би энэ үзэл бодлыг агуулж, хэрэгжүүлж явна. Бихэн нэгэн хүнийг буруутгаж, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл сонирхол байхгүй. Чин үнэнийг олж, нэгдэх ёстой. Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг шинэ боломж гарч ирж байна.  Яг одоо монголчууд нэгдэж, эдийн засгаа сэргээж, сэргэн мандах боломж байна. Би ил тод нээлттэй, баримттай ажиллаж байснаа бардам хэлж чадна. Миний энэ асуудал бол Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа авсан асуудал. Ингэж буруутгагдаж байсан улстөрч нэг ч байхгүй. Би улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

Ийнхүү түүний мэдэгдлийн цаана улс төрд эргэн ирнэ. Тэр дундаа АН-ын эв нэгдлийг баталгаажуулах тал дээр ажиллана гэсэн дүгнэлт гарч байна. зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар С.Баярцогт нь Ц.Элбэгдоржтой тохиролцоогоо хийсэн бөгөөд С.Эрдэнээс намын даргын тамгыг авахаар ярилцсан гэнэ. Мөн нөгөө талд буй Х.Баттулгатай тохиролцох ажлаа эхлүүлсэн. Энэхүү ажлынхаа хүрээнд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын даргаар ажиллаж байсан Шижиртэй шадарлаж буй гэнэ. С.Баярцогт мөн УИХ дахь АН-ын бүлгийг өөртөө урвуулахын тулд Н.Алтанхуягтай гар барьсан сураг байна.