Цар тахлын дараах худалдааны сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 156 улстай гадаад худалдаа хийсэн гэнэ. Гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар буюу 89 хувийн ашигтай үзүүлэлт юм.Эндээс харах юм бол Монгол Улсын Хувьд экспортод бараа бүтээгдэхүүнээ түлхүү гаргаж харин худалдан авалт бага байсан гэсэн үг. Энэ нь нэг талаасаа урд хөршийн цар тахлын хорио цээр, ачаа тээврийн хүндрэлтэй холбоотой байж болох юм. Гадаад худалдаа эерэг дүнтэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт голлон нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны бараа эргэлт нийт 15.1 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь цар тахлын хорио цээртэй, улс орнууд хил гааль хаалттай байсан үетэй харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлт юм. Монгол улсын хувьд гадаад зах зээлрүү бараа бүтээгдэхүүнээ зарсан буюу экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.долларын дүнтэй байна. Бараа эргэлт 31 хувиар өсөхөд экспорт 37 хувиар, импорт 24 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Монголбанкны тайланд дурдлаа.
2022 онд төсвийг голлон бүрдүүлж буй уул уурхайн салбарын борлуулалт эрс нэмэгдсэн нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ. Тухайлбал нүүрсний экспорт 3 тэрбум ам.доллараар өссөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт гэнэ. Харин алтны экспорт 131 сая ам.доллар буюу 29 хувиар өссөн байна. Биет хэмжээний хувьд алтны экспорт өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар, нүүрсний экспорт 53 хувиар, зэсийн баяжмалын экспорт 7 хувиар нэмэгдээд байгаа юм. Боловсруулаагүй газрын тосны экспорт 62 хувиар, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 46 хувиар буурсан гэх мэдээг мөн дурджээ.