Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс хүн амын орлого зарлагын түвшинг тодорхойлсон судалгааг гүйцэтгэжээ.Энэхүү судалгаагаа УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээр дамжуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад зориулан танилцуулсан байна. “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г дээрх албан тушаалтнуудад сонсогосон гэнэ.
Судалгааг 2022 оны 3-р сарын 11-нээс 4-р сарын 26-ны өдрүүдэд компьютерын тусламжтайгаар утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар хийсэн бөгөөд судалгаанд оролцсон иргэд нь утсаар санал асуулгад оролцох замаар асуултыг бөглөсөн байна. Энэхүү судалгаа нь олон нийтийг хамарсан тул бодитой дүн гарсан гэж судалгааны багийнхан тайлбарлаж байгаа юм.
Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт 2,500 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулсан бөгөөд судалгааны асуултад хариулалт өгч чадах чадамжтай эсэхийг нягтлан сонголтоо хийсэн байна. Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд, сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, Засгийн газар болон институцүүд, тэгш хамралт ба иргэний оролцооны талаарх иргэдийн санал бодлыг шинжилснээс гадна үнэт зүйлс, үзэл баримтлал ба эрх чөлөө, авлига, мэдээллийн эх сурвалж, хүн ам зүйн мэдээлэл гэсэн чиглэлүүдээр судалгааг хийсэн байна.
Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодол ангиллын Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв чиглэл рүү явж байна уу эсвэл буруу чиглэл рүү явж байна уу? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 48 хувь нь буруу, 44 хувь нь зөв, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Мөн сүүлийн зургаан сарын хугацаанд таны амьдралын чанар хэр их өөрчлөгдсөн бэ? гэсэн асуулгад 2 хувь нь маш их сайжирсан, 18 хувь нь зарим талаараа сайжирсан, 42 хувь нь өмнөхтэйгөө ижил, өөрчлөгдөөгүй, 29 хувь нь зарим талаараа доройтсон, 10 хувь нь маш их доройтсон гэж хариулсан байна.
Түүнчлэн өнөөдөр манай улсад тулгамдаад буй хамгийн чухал асуудал юу вэ гэсэн асуултад эрүүл мэндийн үйлчилгээг судалгаанд оролцогчдын 35 хувь нь нэрлэжээ.
Мөн судалгаанд оролцогчдын 54 хувь нь амь зуухад асуудал тулгардаггүй ч нэмэлт зүйл авах хангалттай мөнгө байхгүй, 20 хувь нь би өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй байгаа төдийгүй хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэжээ.
Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.