Ш.Адьшаа: Нүүрсний мафи дураараа хил дамнуулан хулгай хийдэг

Ш.Адьшаа: Нүүрсний мафи дураараа хил дамнуулан хулгай хийдэг

Монгол Улсын Засгийн газраас нүүрсний мафи гэгчийн эсрэг зогсох болно гэж мэдэгдээд байгаа билээ. Энэ хүрээндээ "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн ерөнхий захирлыг ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхт төлөөлөгчөө Засгийн газар томилоод буй. Уг бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ганбат очсон. Түүний хувьд нүүрсний борлуулалт дээр асуудал байна. Урьдчилж мөнгө авсан асуудлын цаана но бий гэх мэт тайлбарыг тавиад байгаа билээ. Энэ талаар сөрөг хүчний төлөөллийн байр суурийг сонирхлоо. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодруулсан юм. 

Тэрбээр хариулахдаа: Нүүрсний хулгай бол хэрээс хэтэрсэн асуудал. Монголын төр олон жил энэ хулгайг хаацайлж, өөгшүүлсээр ирлээ. Өнөөдөр зах замбараагүй, захирагдахгүй хэсэг бүлэг мафи бий болсон. Иймээс л Засгийн газар зоригтой хөдөлсөн болов уу. Нүүрсний мафи бол хэтэрхий том сүлжээ шүү дээ. Хүн бүр гадарладаг болсон байх. "Эрдэнэс таван толгой" ХХК дээр Засгийн газрын төлөөлж очсон бүрэн эрхт төлөөлөгч Ганбат хэлж байна лээ ш дээ. Нүүрсний хулгайг ил болгохын тулд оффтейк гэрээг нууцаас гаргах ёстой гэдгийг онцолсон. Оффтейк гэрээгээ нууцад хамааруулсан нь хулгайгаа хуулийн цоорхойгоор нуусан л үйлдэл шүү дээ. Сүүлийн үед энэ МАН-ынхан хулгай хийхдээ хууль ашигладаг. Тэр ашиглаж буй хууль нь бүх юмаа нууц гэх тамга дараад хамгаалчихдаг. Үнэн хэрэгтээ нууц буй зүйл улс орны эрх ашиг биш хувь хүмүүсийн хулгай л байгаа. Ганцхан жишээ хэлэхэд нүүрсний мафи 2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр хулгайлаад л гарч чадаж байна ш дээ. Ийм том хулгайч нарыг өөгшүүлж болохгүй. Нүүрсний хулгайчдын халаасанд монгол улсын төсөв бүрдүүлэх хэмжээний мөнгө урсаж байх талтай.