БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд тун удахгүй хууль зүйн үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжтой болох нь ээ. Тодруулбал, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дэргэд хууль зүйн үнэ төлбөргүй мэдээлэл өгөх хуульчийг Хууль зүйн туслалцааны төвөөс томилон ажиллуулахаар болсон байна. Энэ талаарх санамж бичигт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар өчигдөр гарын үсэг зуржээ.
Түүнчилэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилго бүхий энэхүү санамж бичгийг үзэглэснээр БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явах иргэдийн Солонгос улс руу зорчихоос өмнөх сургалтад Хууль зүйн туслалцааны төвөөс оролцож Солонгос улсын хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө туслалцаа үзүүлэхээр боллоо.