Ц.Даваасүрэн: Б.Жавланг 5 үндэслэлээр сангийн сайдаас огцруулах шаардлага үүссэн

Ц.Даваасүрэн: Б.Жавланг 5 үндэслэлээр сангийн сайдаас огцруулах шаардлага үүссэн

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэл нь өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үед Сангийн сайд Б.Жавхлангийн өөрийнх нь талаар хэлсэн зүйлс тайлбар хийсэн юм. Учир нь сангийн сайд Б.Жавхлан нь дарханы арьс ширний цогцолбор барих төслийн нэгжийн даргаар Ц.Даваасүрэн гишүүн өөрийнхөө хүнийг тавьсан. Энэ хүн нь арьс ширний цогцолборыг барих үнийг өсгөчихсөн гэх утгатай тайлбар хийсэн билээ.

Үүнд Ц.Даваасүрэн хариулахдаа: Сангийн сайд чуулганы хуралдаан дээр миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй зуу гаруй сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний үйлдвэрт гаргаж өг, төслийн нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн гэх огт үндэслэлгүй, худал гүтгэлгийг цацсан. Хөдөө аж ахуйн яамнаас би тодрууллаа. Төслийн нийт өртөг нь 90 сая ам.доллар гэж байна ш дээ. Төслийн баталгаа гаргах асуудал яригдаагүй юм байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр надтай ярьсан мэтээр худлаа гүтгэлээ.

Үүнээс гадна Хөгжлийн банктай холбоотой Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосныг шийдвэрлэх хэрэгтэй. 2017 онд нэр бүхий 11 гишүүнтэй хамтарч “Хөгжлийн банк”-ны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкны удирдлагууд таван тэрбумыг олгох хэрэгтэй болсон. “Чингис хаан” банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон. Одоо энэ мөнгийг хэн авах юм.  Сангийн сайд төрийн баталгаа гаргаж гадаад зээл төлнө гэсэн асуудлыг хөндөөд буй. Үүнийг нь би боль гээд байгаа. Боль гэхээр урдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад  тэнэгтээд байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан банк, зээлийн сан бүрт гар дүрж байна. Өөрийн дүү Б.Амгаланг Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд ажилд оруулсан. Нийт 2,8 тэрбум төгрөгийг “Жэт Финанс” ББСБ-даа авсан. Жилийн зургаан хувийн хүүтэйгээр аваад цааш нь хэдээр өгдөг юм бүү мэд. Ер нь бол мөнгө угаасан ч юм билүү. Мөн ЖДҮС-д гар дүрч зээл олгуулсан байж магадгүй асуудал байдаг. 

 Б.Жавхлан нь 2014 онд "Капитал" банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр А.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж, авхуулсан ч төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэдэг мэдээлэл байна. Төрийн банк нь Сангийн сайдын харьяанд байдаг.

 Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүнд зориулж 60 тэрбум төгрөг суулгасан байгаа. Үүнийг юу болгож байгааг бид мэдэхгүй байна. Үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байгаа тул ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна. Дээрх таван үндэслэлийг харгалзан, Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй тул нэн даруй огцруулж, АТГ-т шалгуулах шаардлага хүргүүлж байна. Үүнд, Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна” гэсэн тайлбарыг тэрбээр өглөө.