Нүүрсний хулгайчдыг УИХ дотроос хайя

Нүүрсний хулгайчдыг УИХ дотроос хайя

Засгийн газраас шийдвэр гаргаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хагас жилийн хугацаатай онц байдал тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилов. Энэ нь нүүрсний хулгайтай тэмцэж буй үйлдэл гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан албан ёсоор мэдэгдсэн. Энэ шийдвэр гармагц УИХ-ын гишүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхэлсэн нь хачирхалтай. Цэцийн шийдвэрээр гул барьж Засгийн газарт давхар дээл нөмрөх боломж гарахад ч УИХ ингэтлээ хөдөлгөөнд ороогүй. Нүүрсний хулгайтай тэмцэх сургаар Г.Занданшатарын удирдаж байгаа парламентынхан урьд хожид байгаагүйгээр сандарч байх.

Засгийн газрын шийдвэр зөв, бурууг ярихад одоо эртэднэ. Эндээс хоёр зүйл тодорхой болов. Нэгдүгээрт,  УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээдэг Засгийн газар нүүрсний хулгай байгааг, түүнийг алсаас удирддаг бүлэглэл бий болсныг хүлээн зөвшөөрлөө. Хүлээн зөвшөөрсөн учраас онц байдал тогтоосон. Хоёрдугаарт, нүүрс хулгайлдаг бүлэглэлийн ард УИХ-ын гишүүд байдаг нь маш тодорхой харагдлаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаа өгөхөд УИХ-ын гишүүд үймэлдэж байх жишээтэй.

Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж мэдэгдсэнээсээ хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа амар тайван хийх боломжгүй болжээ. УИХ-ын 30 гаруй гишүүн түүн рүү байнга утасдаж, уулзах хүсэлт тавьж, шийдвэрийг нь өөрчлүүлэх гэж ээрч эхэлжээ. Засгийн газрын тэргүүн аргаа барахдаа уулзалтын цагуудаа хааж, заримыг нь цуцлахад хүрсэн байна. УИХ-ын гишүүдийн тэн хагасаас илүү гишүүний дэмжлэгтэй байна гэдэг бол нүүрсний хулгайчид өөрсдөө төрд байна гэсэн үг. Ялангуяа УИХ-ын танхим дотроос улсын нүүрсийг хулгайлаад, баяжаад, бардамнаад сууж байдаг хүн маш олон байгаа юм байна.

Юутай ч Засгийн газар шийдвэртээ, нүүрсний хулгайчидтай хэр тууштай тэмцэхийг харъя. Хууль дийлэх үү, хулгайчид ялах уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Нүүрсний хулгай бол юун Чингис бонд, юун Хөгжлийн банк гэмээр толгойд багтахгүй ом тоогоор яригдах зохион байгуулалттай луйвар. Тэмцэхэд амаргүй байх нь тодорхой. Гэхдээ айвал бүү хий гэдэг. Авлигачидтай хатуухан тэмцэхгүй бол Ардын нам өөрөө эргэж сэхэхгүй болтлоо арчигдана. Нүүрсний хулгайчдыг нэн түрүүнд УИХ дотроос илрүүлье.