Ам алдвал барьж болдоггүй,
Дааганаас унаад үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг гэх мэт хэлц үг Монгол хэлний баялаг үгийн санд олон байдаг. Зүгээр ч нэг ийм хэлц, зүйр үг Монгол хэлэнд хэдэн зуун жилийн турш өвлөгдөж ирээгүй гэсэн үг. Хүн хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай байж гэмээнэ хол алхана гэсэн санааг өвөг дээдэс бидэнд өвлүүлсэн юм.
Олон улсын хуралд оролцохдоо: асуултад хариулах нь зөв. Гэхдээ улс орны нэр хүнд, хүндрэл бэрхшээлийг хэрхэн зөвөөр тайлбарлах вэ? гэдгийг бодож сурах нь төрийн түшээ хүний эрхэм үүрэг юм. Энэ үүргээ бүрэн биелүүлж чадаагүй алхам гэдгийг тань нийгэм шүүмжиллээ. Мэдээж сэвсэн, сэвүүлсэн, зориуд түгээсэн гэх мэт үйлдэл байж болно. Гэхдээ түүний хажуугаар үнэн сэтгэлээсээ өөрийг тань алдааг шүүмжилсэн нь илүү олон гэдгийг олж хараарай. Та залуу хүн учир дараа дараагийн ажилд тань чухал нөлөөтэй.
Б.Болор-Эрдэнэ та өөрийн цахим хуудсандаа: "NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. хэмээн бичжээ. Үнэн шинэ үе, хуучин үе хэзээд зөрчилдөж, шөргөөцөлдөж ирсэн. Гэхдээ ийм байна гээд тогооноосоо халиад яриад явдаггүй юм. Харин түүний оронд хэрхэн дотооддоо асуудлаа шийдвэх үү? яавал зөв замыг олж сонгох уу гэдгийг ойлголцолд хүрч шийдвэрлэж явсаар өнөөдрийн түүх бүтсэн. Энэ бол бүх улс оронд байдаг жишиг бөгөөд таны хажууд суусан хүмүүс таны яриаг гайхаж сонссон дүр төрхийг та анзаарсан уу? Гайхаж буй ганц л шалтгаан байгаа нь дотоод асуудлаа дэлхийн болгох нь зөв үү? буруу? гэдгийг тань илэрхийлсэн гэж та бодож үзээгүй юм гэж үү? Монголын дотоод асуудал бол ЗХУ-д байна уу? эсвэл Монголд байна уу? төгссөн, төрд олон жил хувалз мэт шигдэж, ажлыг гацааж, асуудлыг томруулж, шинэ үеийг шимэгчилж буй хүмүүс мөн гэдэгтэй тань санал нэг байна. Гэхдээ тэднийг хэрхэн шийдвэрлэх, яаж ажиллуулах, ямар арга замаар шинэчлэлийг өрнүүлэх гэдэг нь удирдагч хүний ур ухаанаас шалтгаална. Түүнээс гомдлож, олон улсын хураод очиж зовлонгоо тоочих бол та удирдагч болох болоогүй байна л гэсэн үг. Таныг түмэн олон гуйж байгаад дарга болгоогүй шүү дээ. Та ачаа үүрч, шүүмжлэл сонсох гэж дарга болсон. Тэгж чадахгүй бол дарга болох хэрэггүй.
Б.Болор-Эрдэнэ та мөн өөрийн цахим хуудсандаа: Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна! гэж бичсэн байна. Өширхөл, хонзогнол, атаархал, асуудлыг зөвхөн улс төржүүлж харах өнцөг нь таны хувьд, боловсролтой залуу хүний хувьд дэндүү өрөөсгөл дүгнэлт санагдав. Та залуу удирдагч хүний хувьд үүнийг ам алдвал барьж болохгүй гэдгийг алдаа гэдгээс нь харж ухаарах ёстой болохоос зүгээр л өөрийнхөө зөв гэдгээр мухайрлах аваас та илүү том амжилт өөд алхахад таны ур чадвар, мэдлэг дутна гэх дүгнэлтэд нэг хэсэгт нь хүргэнэ гэдгийг үл анзаарч болно. Таны зөвхөн өөрийн чинь зөв гэсэн мухайрлал байх аваас өрөөсгөл болно шүү. 30 жилд ялзарсан, дарга хийхээс өөрөөр ажил хийж үл чадах, дээд үеийнхэн байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг харааж зүхэх хэлбэрээр ажлаа өгөөд дараагийн ажилдаа очно гэдэг алдаагаа олж хараагүйн шинж юм. Хэрэв та өөрийнхөө алдааг өнөөдөр олж хараад ухаарахгүй бол маргааш дахиад л давтана. Дахиад л бусдад бурууг чихээд үлдэх үү? Бага байхад бүдэрч унахад өөрөө бүдэрсэн биш чулуу саад болсон гээд чулууг эцэг эх зоддог тэр нэг бусармаг буруу ойлголтыг залуу гэсэн үе давтаад явах юм гэж үү?
Үг бол хамгаас хүчтэй зэвсэг. Үгээр хүнийг мөхөөж, бас сэхээж болно. Үгнээс болж хүн өндийж, бас унаж болно гэдгийг өнгөрсөн хэдхэн жишээ бэлхэн таниулчихлаа. Нийгэм тэр чигээрээ үгэнд дөрөөлж үзэн ядах, магтан дагах эсэхээ шийдэж байна. Ийм үед дарга болсон бол та шүүмжлэл хүлээж сурах, үг дааж сурах хэрэгтэй. Эс бөгөөс дарга бүү бол. Таныг түмэн олон гуйж дарга болгоогүй шүү!!!