“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2022.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ.

Дараа нь Монголбанкнаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж, хариулт авсан тул үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын таван гишүүнээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Тус Байнгын хороо Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан асуулт асуув. Тэрбээр, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөлд алслагдсан дүүрэг, бүх сумын төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулалд хамрагдахаар тусгагдсан эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа, Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа гишүүдээс гаргасан саналыг тусгасныг тодотгоод энэ хүрээнд хуулийн төсөлд бүх сумыг тэгш хамруулсаны зэрэгцээ суманд ажиллаж буй төрийн захиргааны бүх албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон гэв. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс нийслэлийн алслагдсан дүүргийг хамруулах санал гаргасны дагуу Багахангай, Багануур дүүргийг хамруулсан төдийгүй одоо хураах зарчмын зөрүүтэй саналд Налайх дүүргийг нэмж оруулахаар тусгасан хэмээн хариулсан.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг “51.3.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж мөн “төслийн 2 дугаар зүйлийн “2023” гэснийг “2024” гэж”  тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нар тус тус танилцуулав.

Хууль санаачлагч Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг төрийн тусгай албан тушаалд хамааруулах, таван шатлал бүхий цолтой байх, гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээг байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэвлэх зохицуулалтыг тусгах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг тус байгууллагын дараа жилийн төсөвт тусган, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдыг төрийн тусгай албан тушаалд хамруулах зохицуулалттай уялдуулж Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг танилцуулгадаа дурдсан.

Харин Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд хуулийн төсөл батлагдсанаар Гадаадын иргэн, харьяатын газрын орон тоо нэмэгдэхгүй бөгөөд төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн тодорхой хувийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт төвлөрүүлэх шаардлагатай гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа талаар дурдсаныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа онцлов.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.2 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

“Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Хуралдаан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” гэж заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан ажиллаж байна. Төслийн талаар зарчмын зөрүүтэй найм, найруулгын дөрвөн санал бэлтгэж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан ч үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэдгийг тодотгож байлаа.

Уг горимын саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

 

Энэ талаарх Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа.

Тэрбээр санал, дүгнэлтдээ, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшингээс Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5  дахь хэсэгт заасны дагуу “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь дэмжлээ.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.