УИХ-ын гишүүн Г.Ганболд хэвлэлд ярилцлага өгөхдөө ноцтой баримт дэлгэжээ. Тэрбээр УИХ-ын /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй юм.
УИХ-ын гишүүн Г.Ганболд "Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг олон хүн нийгэмд ярьж байна. Жишээлбэл, С.Бямбацогт гишүүн чуулганы хуралдаанд хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан тухай шүгэл үлээсэн. Мөн өмнө нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энх-Амгалан нүүрс хулгайд алдагдсан талаар ярьж байгаа. Иймд, бидний ажлын нэг чиглэл нь нүүрсний хулгай юм. Үүнтэй холбогдуулан бид олон газраас мэдээлэл авч байна. УИХ-ын хянан шалгах хуулийн дагуу шинжээч, хянан шалгагч нар томилогдсон. Хянан шалгагч нар мэдээлэл цуглуулж байна. Энэ хүрээнд нүүрс хулгайд алдагдсан талаар олон мэдээлэл ирж байна.
Үүнээс гадна, нүүрсний үнийн зөрүү, нүүрсний тээврийн үнэ, бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлаар гомдол санал их байна. Хянан шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газраас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай. 2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүмүүсийг гэрчээр дуудаж асууж байна" гэжээ.