Архины хордлогоор жилд 363 хүн амь насаа алдаж байна

Архины хордлогоор жилд 363 хүн амь насаа алдаж байна

Монгол Улсын архины хэрэглээг Олон улстай харьцуулахад маш өндөрт тооцогддог. Тэр дундаа хэрэглэж буй архины хатуулгын хэмжээ хэт өндөр байгаа нь асуудлын гол гэдгийг судлаачид тодотгодог юм. Хэдхэн тоо баримтаас харахад л архинаас болж хэчнээн иргэний үнэт амь нас эрсдэж буйг илтгэж болохоор байна. 

Тухайлбал өдөрт нэг хүн архины хордлогод орсны улмаас амь насаа алдаж буйг Цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагын тоо баримт харуулж байна. Цагдаагийн байгууллагын хэлж буйгаар архины хордлого гэсэн шалтгаантай нас баралт сард 30 түүнээс дээш бүртгэгдэж байна. Багадаа жилдээ 363 хүн амь насаа алдаж байна. Архины шууд хордлогоор нас барахаас гадна шууд бус нөлөөгөөр нас барах тохиолдол их байна. 

Тухайлбал Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нас барсан тохиолдол жилд маш ихээр бүртгэгддэг. Шинэ жилийн баяраар л гэхэд энэ тохиолдол нэмэгддэг байна. Өнгөрсөн онд л гэхэд сард 7 хүн жилдээ 89 хүн архи хэтрүүлэн хэрэглэж осгож нас барсан байна. Сүлийн 5 жилд архи хэтрүүлж хэрэглэсний улмаас 447 хүн осгож нас баржээ. 

Архины хор уршгийн бас нэг нөлөө нь бусдын болон өөрийн эрүүл мэндэд хохирол учруулах юм. Архи согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэсний улмаас бусдын биед хохирол учруулсан 9 хэрэг өдөр бүр бүртгэгдэг гэнэ. Сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулсан гэдэг цагдаагийн бүртгэл байгаа юм. Сүүлийн 5 жилд 16,634 хүн бусдын биед гэмтэл учруулсан гэх бүртгэлийн ард архи хэтрүүлэн хэрэглэсэн гэх тодотгол байна. 

Эрүүлжүүлэх байр өдөр бүр ачаалалтай байдаг. Үүнийг илтгэх тоо нь өдөрт 231 хүн. Жилд 83,231 хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлдэг байна. Үүнээс харахад сүүлийн 5 жилд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж 416,159 хүн эрүүлжүүлэх байранд хонож байжээ.