Монголчууд ирэх зургадугаар сарын 26-нд төрийн тэргүүнээ тодруулах сонгуульд саналаа өгнө. Ээлжит сонгуулийг угтсан чамгүй олон ажил хийгдэж байгаа билээ. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай гурван намын төлөөлөл өрсөлдөх бөгөөд хэн хэн нэр дэвшсэн нь нэгэнт тодорхой болчихоод байгаа. Тэгвэл нэр дэвшигчид болон намууд ямар хэмжээний хөрөнгө зардал гаргаж, сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл гарчээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас тогтоосон хэрэг. Нэр дэвшигчдийн хувьд сонгуульд 3.9 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй. Энэ нь, хамгийн дээд хэмжээ юм. Үүнээс хэтрүүлж болохгүй гэсэн. Харин нэг нам хамгийн дээд талдаа 6.9 тэрбум төгрөг зарна гэж тогтоосон байна. Үүнээс гадна нэр дэвшигчид нь сонгуулийн хандивын данс нээх ёстой. Тэрхүү дансаа нээсэн өдрөөс эхэлж, дуусах хугацаа хүртэлх сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлнэ. Учир нь, зөвхөн сонгуулийн зардлын данснаасаа аливаа асуудалд зарцуулах хөрөнгөө гаргах болно. Нэг үгээр хэлбэл, нэр дэвшин, өрсөлдөж байгаа хүмүүс нь зөвхөн сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулах юм. Мөн сонгуульд оролцож байгаа намууд ч ялгаагүй тайлан хүргүүлэх өдрийг дуустал намынхаа сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах ажээ.