Дэлхийн өв-Монгол алтайн хадны зураг үзэсгэлэн нээлтээ хийлээ

Дэлхийн өв-Монгол алтайн хадны зураг үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аян нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёл урлагаар дамжуулан нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, соён гэгээрүүлэх ач холбогдлыг нэн тэргүүнд баримталж буй юм. 
дээрх зорилгын хүрээнд Дэлхийн өв-Монгол алтайн хадны зураг 1:1 үзэсгэлэнг Улаанбаатар хотод нээх шийдвэрт хүрчээ. Үзэсгэлэнг Соёлын яамны харьяа Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа зохион байгуулж буй бөгөөд ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа-Бага Ойгор зэрэг газрын хадны зургуудаас дээжлэн 90 орчим зургийн 1:1 хэмжээтэй гэрэл ба гар зургийг бүтээлийг үзэсгэлэнд дэлгээд байна. 
Монгол Алтайн хадны зураг нь дүр дүрслэл, сэдэв зохиомж агуулга, тоо хэмжээгээр дэлхийд хосгүй үнэт дурсгалууд юм. Тус үзэсгэлэнд хадны зургийг хадан дээрх хэмжээгээр нь буюу 1:1 харьцаатай үзэгч олны хүртээл болгож байгаагаараа онцлогтой юм.
Монгол Алтайн хадны зураг нь хүн төрөлхтний гайхамшигт дурсгал бөгөөд эх түүхээрээ бахархдаг хүн бүхний үзэж сонирхох ёстой түүх, соёл, археологийн бодит дурсгал билээ.
Сонирхуулахад Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг 2011 онд Юнескогийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан байдаг. Ингэхдээ 2000 орчим хаданд дүрслэгдэж үлдсэн 60,000-70,000 дүрслэл бүхий зураш, 10,000 бүхий зохиомж байгаа хэмээн үздэг юм. Нэг бул чулуунд 1-180 орчим зураг дүрс сийлсэн байдагаараа ижил төрлийн хосгүй түүхэн дурсгалаас ялгарч өгдөг онцлогтой. 
Дэлхийн өв-Монгол алтайн хадны зураг үзэсгэлэнгийн анхны үзэгчид нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байлаа. 
Эрхэм уншигч таныг уг үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.