Богдхан ууланд амьдрахаар "БОРХҮҮ" нүүж ирэв

Богдхан ууланд амьдрахаар "БОРХҮҮ" нүүж ирэв

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элий тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэсэн байдаг. Борхүү өнөөдөр гурван нас хүрчээ. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах, идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг.

Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэр  гаргажээ. Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм байна.

Борхүүг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ийн  зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм. Хүнтэй ижилдэн дассан бугыг өнөөдөр Богдхан уулын Тайны аман дахь бэлчээрийн талбайд нутагшуулахаар хүлээлгэн өгнө.