Жишиг эмнэлгийн ХИШИГ ӨДӨР

Жишиг эмнэлгийн ХИШИГ ӨДӨР

Эрүүл мэндийн салбарт олон улсын стандартад нийцүүлэн хийсэн томоохон бүтээн байгуулалт бол Сонгинохайрхан жишиг эмнэлэг юм. Анх 1982 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Октябрийн районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үүдээ нээж байсан энэ эмнэлэг 40 жилийн дараа Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дахин мэндэлсэн гэж хэлж болно. Монгол Улсын хэмжээнд барилга байгууламжаараа ч, өндөр төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнээрээ ч өнөөдөртөө энэ эмнэлгийн урд гишгэх байгууллага байхгүй. Жишиг гэж тодотгож буйн учир энэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээгээрээ бол Сонгинохайрхан "захын дүүрэг" байхаа хэдийн больсон.

2020 онд шинэчилэгдсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсон байдаг. Анхандаа тус дүүргийнхэн олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж, үр дүнд нь 3 дахь шатлалын гэж нэрлэгддэг байсан төрөлжсөн, тусгай мэргэжлийн төвүүд ХӨСҮТ, ХСҮТ, ГСҮТ, ЭХЭМҮТ болон Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлгүүдийн ачаалал эрс буурсан нь энэ жишиг эмнэлгийн ач тус. Нэрийг нь сонсохоор энэ эмнэлгийг зөвхөн Сонгинохайрхан дүүргийнхэнд үйлчилдэг байх гэж эндүүрмээр. Гэтэл бодит амьдрал дээр есөн дүүрэг, 21 аймгийнхан эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн туламж үйзлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нь талархууштай.

Өмнө нь үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг авахын тулд олон газрын үүдийг сахидаг байв. Жишээ нь, хавдарын тусламж үйлчилгээ авахын тулд ХСҮТ рүү, гэмтэж бэртвэл ГСҮТ рүү, мэс засал хийлгэх шаардлагатай бол улсын 3 дугаар төв эмнэлэг рүү гэх мэтээр өвчнөө марттал хэсүүлчинэ. Одоо цаг өөр болсон. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг л гэхэд ходоодны хавдар илрүүлэх, оношлох, эмчлэх төвшний хүчин чадалтай, тоног төхөөрөмжтэй. Хүүхдийн эмчилгээний тасаг гэхэд дүүрэг харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлж байгаа. Өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил дээшлүүлсэн, мэргэшсэн, эрдмийн цол зэрэг хамгаалсан эмч нар энэ эмнэлгийн хамгийн үнэт баялаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Сонгинохайрханы жишиг эмнэлгийг л зорьдог болжээ. Учир нь олон улсын стандартын дагуу машин тусгай зогсоол, босгогүй хаалга, цахилгаан шат гээд тэргэнцэртэй үйлчлүүлэхэд ямар ч бэрхшээл тулгардаггүй. Эмнэлгийн шал нян үрждэггүй будагтай, өвчтөн бүрд зориулсан хүчилтөрөгчийн системтэй, цахилгааны нөөц эх үүсвэртэй, галын дохиолол хамгаалалт супер гээд тоочвол барагдахгүй. Сонгинохайрханаас сонгогдсон сайд Х.Нямбаатар, хотын мээр Д.Сумъяабазар нар эмнэлгийн хамт олныг эрвийх дэрвийхээрээ дэмждэг гэсэн. Тун удахгүй дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан шинэ цэцэрлэгтэй болно гэж тус эмнэлгийн дарга Ц.Олонбаяр хэлж байна лээ.

Жишиг эмнэлгийн өдрийн эмчилгээнд үйлчлүүлэгчид нь сэтгэл хангалуун байдгаа ярьж байв. Цаг заваар хомс болсон өнөөдрийн нийгэмд эмнэлэгт хэвтэхгүйгээр эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгосон байна. Энэ нь нөгөө талдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн дарааллыг бууруулж байдаг эерэг нөлөөтэй. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийнханд нээлттэй, эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авах боломжоор хангачихсан. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хуулиар олгосон учир эмч нар үйлчлүүлэгчдийг цааш түлхэхээ байсан. Аль болох олон хүнд үйлчлэхийг зорьдог тогтолцоо гэж ойлгож болно. Нөгөө талаасаа өрсөлдөөн ч гэж харж болохоор. Тиймээс жишиг эмнэлгийн хамт олонд өдөр бүр хишиг өдөр байдаг.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС