Хүний нөөцийн багц стандартын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ

Хүний нөөцийн багц стандартын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд Хүний нөөцийн менежментийн олон улсын ISO 30400 багц стандарт нэвтрээд жил гаруй хугацаа боллоо. Тус стандартыг хэрэгжүүлэгч Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2022 онд энэхүү багц стандартаа баталгаажуулах том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Хүний нөөцийн албанаас бүтцийн цех нэгжийн хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан, уулзалт зохион байгуулав. Уулзалтаар ISO 30400 багц стандартын хэрэгжилтийн түвшин, явцын талаар санал бодлоо солилцлоо. “Бид стандарт хэрэгжүүлэх ажлын явцдаа үйлдвэрийн үндсэн 4 цехийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн. Аудитын үр дүнд олон нийцлүүд илэрсэн. Мөн үл тохирох буюу сайжруулах ажлууд ч гарч ирсэн. Түүнчлэн стандартын шаардлагаас давсан сайн туршлагууд Эрдэнэт үйлдвэрт байна гэсэн дүгнэлт бас хийгдсэн нь хамгийн олзуурхууштай. Өнөөдрийн уулзалтаар тэдгээр сайн туршлагуудаас өөр хоорондоо хуваалцаж, мэдлэг мэдээллээ солилцлоо. Тухайлбал, манай үйлдвэрт байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангахуйц туршлага олон байна. Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсэгт ажлын байрны тохижилт, сайжруулалтыг өөрсдийн хүчээр хийж, ажиллах тохь тухтай орчныг бүрдүүлснээ бусдадаа хуваалцлаа. Баяжуулах үйлдвэрийнхэн шинэ ажилтнууддаа эхний өдрөөс нь үйлдвэрийнхээ дүрэм журам, заавар болон сургалтын тусгай хөтөлбөрийг танилцуулж хэвшсэн нь хамгийн сайн туршлагуудын нэг болсон” гэж Тэргүүлэх мэргэжилтэн  Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр онцлов.