Зөв явсан хүнийг амьдрал шагнадаг

Зөв явсан хүнийг амьдрал шагнадаг

   Бид энэ буландаа Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн “Залгамж” хөтөлбөрт оролцогч Ил уурхайн өрмийн машинч Доржзодовын БАТЗОРИГТ-ыг урьж ярилцсан юм.  

-Таны төрсөн нутаг, аав ээжийн тухай дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?

-Миний аав, ээж Архангай аймгийн Жаргалант сумын харьяат хүмүүс байсан. Тухайн үед аймгийн төвд ахуйн үйлчилгээний бүхий л салбарыг хамарсан Артел гэж байлаа. Тэнд аав маань мужаан, бас Үйлдвэр сургалтын багшаар ажилладаг байсан. Эмээл их сайхан хийдэг, авдар сав, гэрийн мод гоё хээлдэг хүн байлаа. Аавыг “Уран” Доржзодов гэхээр Архангайнхан андахгүй дээ. Ээж маань бас уран үйлчин, оёдолчин хүн байсан даа. Би зургаан хүүтэй айлын тав дахь буюу одонгийн хүүхэд. 

-Архангайн төвийн хүүхэд, Эрдэнэсийн хоттой хэзээ танилцав?

-Том ах маань Ил уурхайд өрмийн машинчаар ажилладаг байлаа. Би  зургаадугаар  ангийнхаа зуны амралтаар анх Эрдэнэтэд ирсэн. Ил уурхайд ах дээрээ очиж, тэсэлгээ харж, өрмийн машиныг  нь сонирхоно. Тэнд ажиллах оросууд, тэдний авчирсан олон төрлийн амттай  хоол зэрэг нь надад их л сонин, содон байлаа. Түүнээс хойш жил бүрийн зун амралтаараа ирдэг болсон.  

-Тэгээд л уурхайчин болохоор шийдсэн үү?

-Тухайн үед уурхайчин болно гэж мөрөөдөж байгаагүй ээ. Нутагтаа 10-р ангиа төгсөж, цэрэгт явж ирчхээд байж байтал, ах маань дуудлаа. Тэр үед өрмийн машинчийн түргэвчилсэн курс анх нээгдэж байв. Тэнд хоёр сар суралцаж төгсөөд,  төд удалгүй Эрдэнэт хэмээх энэ сайхан үйлдвэрийн уурхайчин болсон доо. Тэр үе 1992 оны 4-р сар. Түүнээс хойш өрмийн машинчаар тасралтгүй 30 жил ажиллаж байна даа. Нэгэн үе гурван ахтайгаа дөрвүүл Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байлаа. Ах нар маань Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Барилга засварын цехэд ажиллаж байсан.  

-Зөвхөн нэг л мэргэжлээр 30 жил ажиллах танд ямар санагдаж байна? Таныг энэ эрдэмд сургасан багшаа дурсвал?

-Жинхэнэ эр хүний мөн чанар уурхайчны хөдөлмөрт шингээстэй гэж итгэдэг болоод ч тэр үү, их л бахархалтай санагддаг. Сурсан дадсан мэргэжил гэгч үнэхээр сайхан, уйдахын аргагүй. Ах маань анх ажилд ороход “Бусдыг манлайлаад оройлоод байхгүй ч, ард нь чирэгдээд цоожлоод байлгүй, аятайхан яваарай” гэж захисан. Тэрэнд нь хүрнэ дээ гэж өнөөг хүртэл хичээж л явна. Олон жил ажиллалаа гээд залуусыг урдуураа гүйлгээд байхыг боддоггүй. Ямар ч ажлыг адил тэнцүү хуваагаад л хийчихдэг. 
-Анх би Завхан аймгийн харьяат Дамдиндорж багшдаа шавь орж, хоёр жил гаруй  дагасан. Дараа нь төрсөн ах маань намайг туслахаараа авч, гурван жил ажилласан. Ингээд л өрмийн машинч болсон. Шалгалтаа амжилттай өгсөн учраас анх 4-р зэрэгтэй орсон, одоо 6-р зэрэгтэй. Сүүлийн найман жил 24-р өрөм дээр найман хүнээ хариуцан, бригад ахлан ажиллаж байна.

-Өрмийн машинчийн онцлог, бахархал нь юу вэ? 

-Манайх тэсэлгээнд цооног бэлдэж өгдөг өрөм. Тэсэлгээчид бэлтгэсэн цооногийг  цэнэглээд тэсэлнэ. Түүний дараа экскаватор ачна. Тэгээд белаз зөөнө. Уурхайчид бид Эрдэнэт үйлдвэрийн  эхний  шат дамжлагад ажилладгаараа хариуцлагатай бас онцлогтой. Бидний өрөмдөж буй газар янз бүрийн хатуулагтай байдаг. Тэр бүрт эргэлт, даралтыг тохируулж өрөмдөнө. Өрмийн машинчийн мэргэжил хувь хүнээс мэдрэмж, ур чадвар их шаарддаг. Мэдрэмжтэй, техникт эв дүйтэй хүн сарын дотор ч өрөмдөөд сурчихдаг. ХАБ-ын зөрчил,  осол авааргүй ажиллаж, оногдсоноо бүрэн дүүрэн хийчхээд, дараагийн ээлжиндээ техникээ эвдрэл, гэмтэлгүй,  цэвэр цэмцгэр хүлээлгэн өгчхөөд ажлаасаа буух ч бахархалтай шүү.  

-Өрмийн машинч тэсвэр тэвчээр шаардсан ажил. Бэрхшээл хэр  тохиолддог вэ? 

-Дээхэн үед ажлын хувцасны хангалт, чанар тааруухан байснаас цаг агаар таагүй, цас,  шуургатайд даарч хөрдөг байлаа. Зун халууцахдаа хаалгаа үе үе онгойлгоод л, сэнс тавина. Тэр нь нэмэр болохгүй ээ. Одоо бол өрөм шинэчлэгдэж, кондейшнтэй болж, харьцангуй гайгүй болсон. Бас өмнө нь найман цагийн ээлжтэй байх үед шөнийн ээлжинд гурав дараалан гарах  их хэцүү байсан. Нойр хоол байнга өөрчлөгдөнө. Ээлжнээс буугаад нойроо сайн авч чадахгүй байж байгаад дахиад л гарна. Очингуут л шууд ажлаа хийнэ. Одоо харин 12 цагийн ээлжтэй болсноор амралт сайтай, ажлын бүтээмж ч сайжирч байгаа. Гэхдээ газар өрөмдөж байгаа болохоор доргио чичиргээ, дуу чимээ, тоосжилт их. Хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж, ажил амралтаа зохицуулах л хэрэгтэй байдаг даа. 

-Та олон шавьтай байх? 

-Есөн ч залуу 1-3 жилийн хугацаанд  миний  туслах машинчаар  ажилласан. Тэднээс  мастер болж дэвшсэн хүн ч бий, өрмийн машинч болоод мөр зэрэгцэн ажиллаж байгаа олон залуу бий. 

-Та бүхний залуу халаа хэр ажиллаж байна даа?

-Манай шинэ үеийн өрмийн машинч нар ихэнх нь дээд боловсролтой, техник сэтгэлгээ сайтай, хурдтай, гадаад хэлтэй, юмыг хүлээж авч, сурах чадвар сайтай  залуус байдаг. Зөвхөн тэд ахмад үеэсээ бус, бид ч тэднээсээ суралцдаг. Жишээ нь  сард нэг удаа засварчидтайгаа хамтран хийдэг төлөвлөгөөт засварын үеэр бидний хийж дадсан зүйлийг өөрөөр хийж байгааг хараад санаа авна, суралцана. Би нэг хэв загварт баригдалгүй, шинийг эрэлхийлэх дуртай. Ажилд ч тэр, амьдралын хэвшилд ч бас. 

-Таныг амьдралын зөв хэвшилтэй, үүгээрээ үе тэнгийнхэн болон залууст ихээхэн үлгэр дуурайлалтай нэгэн гэх юм билээ. Энэ талаар..?

-Би өөрчлөлтөд дуртай. Амьдралын зөв хэвшилтэй болж, буруу зүйлийг халах гэж хичээдэг. Юуг нь нуух вэ, нэгэн үе би уурхайчин хүн гэж онгироод л бор дарс хүртдэг л байлаа. Архинаас болж амьдралаа алдаж, гэр бүл салж сарниж, эрүүл мэндээ алдаж, ажилгүй болж, хүнд адлагдаж байгааг нүдээрээ харсан учраас заавал үүнийг давтах албагүй. Би хүнээр шаардуулалгүй, эмчилгээ хийлгэлгүй, шууд л уухаа больсон.  Найз нөхдийн маань дунд надаас үлгэр авч, уухаа больсон, тамхинаас татгалзсан хүмүүс ч бий. Сүүлд орсон манай залуус намайг ууж, идэж байсан тухай ярихад маш гайхаж, үнэн үү гэж хүлээж авдаг. Тэгэхээр надад бахархалтай сайхан санагддаг. Ер нь тэгээд зөв явсан хүнийг амьдрал шагнадаг юм. 

-Зөв явсан хүнийг амьдрал шагнадаг гэснээс та шагналыг юу гэж үздэг вэ?

-Одон, тэмдгийг шүтэж, түүний хойноос улайран хөөцөлдөх нь дэмий гэж үздэг. Үнэхээр удирдлага, хамт олон нь үнэлээд, шагналаа  өгвөл баярлаад авах нь зүй. Ажиллаж амьдрах таатай сайхан орчин нөхцөл, тасралтгүй ажиллах бололцоо, хангалттай сайн цалин, ажилтныхаа төлөө олгодог нийгмийн дэмжлэгүүд. Энэ бүхэн  бидний амьдралын шагнал. Заавал одон тэмдэг авах гэж биш, зүгээр л өөрсдөө зөв сайхан ажиллая. Таны хийсэн зүйл  өмнөөс тань хашхирна гэж нэг сайхан үг байдаг. Харин удирдлагын зүгээс зөв сэтгэлээр бүтээмжтэй ажилласных нь төлөө урмын сайхан үг хэлж, цагаа олсон урамшуулал өгөх нь улам сайн ажиллах хөшүүрэг болдог гэж үздэг. 

-Та цехийнхээ Хөдөлмөрийн аварга, шилдэг ажилтан, ажлын арвин туршлагатай хүн. Ер нь хүнд үйлдвэрт уурхайчин хүн амжилттай ажиллахад юу нөлөөлдөг вэ?

-Олон жил ажилласан, дадлага туршлагатай гэдгээс илүү ажилд хандах хандлага, сэтгэлээс ажлын үр дүн ихээхэн шалтгаалдаг. Хайнгадуухан юм уу, эсвэл зүгээр л ээлжээ өнгөрөөх гэсэн бодолтой байвал гараас нь ажил гарахгүй. Ер нь үйлийн үр буюу карма гэх зүйл ажил дээр ч анзаарагддаг. Дараагийнхаа ээлжинд техникээ   эвдрэл гэмтэлгүй, цэвэр цэмцгэр хүлээлгэн өгөх юмсан гэх сэтгэл гаргавал эргээд тийм сайхан зүйл л угтана. Эрэг боолт суларсан ч за дараагийнх нь янзална биз гэж хандвал эргээд илүү гэмтэл хүлээж байх магадлалтай. Эхнээсээ л зөв хандлагатай, зөв ажиллаж, хүний хийж буйг ажиглаж суралцсан хүн өөртөө итгэлтэй, бие дааж шийдвэр гаргах чадвартай болж төлөвшдөг. Ийм л хүн амжилттай ажиллаж чадна. Мөн гэр бүлийн уур амьсгал, амгалан тайван байдал уурхайчин хүнийг амжилт гаргахад их нөлөөлдөг гэж би боддог. 

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэргийг Ч.Дэлгэрцэцэг гэдэг. Холбоонд 20 гаруй жил ажилласан, одоогоор гэртээ байж, миний арыг даадаг. Охин маань энэ жил Герман Монголын хамтарсан Уул уурхайн сургуулийг Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж байгаа. Ар гэрийн бүх ажлаа зохицуулж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломжоор хангадаг гэргийдээ маш их баярладаг даа. 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ном унших, агаар салхинд алхах дуртай. 

-Одоо ямар ном уншиж байна?

-“Агнистын гэгээ” цувралыг уншиж байна. 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.