“ЭНЭРЭЛ” төвийн хүүхдүүдэд ном бэлэглэлээ

“ЭНЭРЭЛ” төвийн хүүхдүүдэд ном бэлэглэлээ

 Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд “Энэрэл” төвийн хүүхдүүдэд номын багц бэлэглэлээ. Ном бэлэглэх үйл ажиллагаанд тус хэлтсийн Захирлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхболд болон ажилтнууд оролцож, төвийн хүүхэд багачуулдаа сурлагын өндөр амжилт хүсэв. Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд  “Нэг цонх, нэг ном” сэдэвт ном хандивлах сарын аян зохион байгуулж, 6-17 насныханд зориулсан  нийт 260 орчим ном цуглуулснаа “Энэрэл” төвийн багачуулдаа гардуулсан нь энэ юм. Хүүхдүүд багаасаа номтой нөхөрлөн, түүгээр дамжуулан хүмүүжил төлөвшилд нь сайн нөлөө үзүүлэхэд нэмэр болоосой гэж Дотоод ажил хариуцсан ажилтан Ө.Энхбаатар онцлов.

 Хүний нөөц, захиргааны хэлтсийнхэн бүтээмжийн “Change” групп үүсгэж, нийгэмд чиглэсэн олон ажлууд зохион байгуулж буйгийн нэг нь энэхүү “Нэг ном, нэг цонх” аян юм.  Ном бол  ертөнцийг харах цонх гэдэг. Энэ утгаараа хүүхэд бүрт ном бэлэглэж, ертөнцийг танин мэдэх нэг ч гэсэн цонх нээж өгөхийг зорьжээ. 

Шинэ хичээлийн жилд  “Энэрэл” төвийн 53 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдана. Нэгдүгээр ангид хоёр  хүүхэд элсэж байгаа бол цэцэрлэгт явах хүүхдүүд хоёроор нэмэгдэж байгаа аж.