“Эрдэнэт мандал” овоо тахих үеэр гандантэгчэнлин хийдийн хамба номун хан Д.ЧОЙЖАМЦ сүсэгтэн олонд номын авшиг хүртээнэ

“Эрдэнэт мандал” овоо тахих үеэр гандантэгчэнлин хийдийн хамба номун хан Д.ЧОЙЖАМЦ сүсэгтэн олонд номын авшиг хүртээнэ

Газрын хэвлийн баялаг ашиглаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоогоо хоёр жил тутамд тахидаг уламжлалтай. Гэсэн ч цар тахлаас шалтгаалан сүүлийн зургаан жил завсарласан шашны энэхүү зан үйлийг Эрдэнэт үйлдвэр энэ сарын 08, 09-ний билигт сайн өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зургаадугаар сарын 08-ны өдрийн 21:00 цагаас “Долоон бурхан” од тахих ёслол Эрдэнэт хотын Цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн урд энгэрт болох юм. “Долоон бурхан” одыг лед гэрлээр түмэн олонд харагдахуйцаар дүрслэн байрлуулж, зан үйлийн тайлбарыг ойлгомжтой байхаар зэхэж байна. “Долоон бурхан”-ы од болгонд харьяалагдах жил, тэдний өргөл шашны зан үйлд ялгаатай байдаг талаар “Жалданжанчүвлин” хийдийн Хамба лам Б.Мөнхтогоо энэ үеэр тайлбарласан. Тухайлбал, шанага талаасаа 1-р одны хулгана жилтнүүд сүү, 2-р одны үхэр, гахай жилтнүүд ааруул ээзгий, 3-р одны бар, нохой жилтнүүд цагаан будаа, 4-р одны туулай, тахиа жилтнүүд улаан буудай, 5-р одны луу, бич жилтнүүд гүнждийн үр, 6-р одны хонь, могой жилтнүүд вандуй, 7-р одны морь жилтнүүд хүрэн вандуй өргөж ажил үйлсээ даатгах учиртай аж. 

Зургаадугаар сарын 09-ний 06.00 цагт “Эрдэнэт Мандал” овоо тахих бөгөөд өрх гэрийн тэргүүн эрчүүд оролцож, аймаг орон нутаг, өрх гэр, үйлдвэрийн ажил үйлсээ даатгаж, ган гачиггүй, зуд турхангүй, аюулт өвчин тахалгүй, хур бороо цагтаа бууж газрын гарц арвин байхын тухайд шашны зан үйл үйлдэх юм. Энэ өдрийн 19.00 цагаас Цэнгэлдэх хүрээлэнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Хамба Номун Хан, Гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд номын авшиг, утлага, рашаан, будаа хүртээнэ. Энэ үеэр шашин, соёлын нэгдсэн үйл ажиллагаа болох бөгөөд бурхан шашны дуулаач МУСТА Д.Ариунбаатар, Н.Наранхүү болон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид бурхан шашны холбогдолтой урлагийн үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү ёслолын арга хэмжээг түмэн олонд хүртээлтэй, сонсголонтой, үзүүштэй байх үүднээс техник, тоног төхөөрөмж, тайз заслыг өндөр хэмжээнд зохион байгуулахаар зорьж байна.

Өмнө нь “Эрдэнэт Мандал” овоо тахих ёслолд 50 мянган хүн оролцсон байдаг. Энэ жилийн хувьд 10 мянган хүний багтаамжтай Цэнгэлдэх хүрээлэнд шашин, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах учраас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 28 нэгжид урилгыг квотоор тараахаар болжээ. Гэсэн ч сүсэгтэн олон даган баясах боломж нээлттэй гэж зохион байгуулагчид хэллээ. 

“Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоо тахих шашны зан үйлд Орхон аймгийн долоон хийдийн лам нар нэгдсэн зохион байгуулалттай оролцохоос гадна Говийн Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийдийн лам нар хүрэлцэн ирж, хүчээ нэгтгэхээ илэрхийлжээ. 

Эрдэнэтчүүд, цаашлаад Монголын ард түмэн буянтай буурал уулынхаа хишгийг олон жил хүртлээ. Тэр дундаа цар тахлын хүнд үед Монголын аж ахуйн нэгж, айл өрх бүрийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөр болох 1.1 их наяд төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцан санхүүжүүлсэн билээ. Иймээс газар эхийнхээ хэвлийн үр шимийг хүртэн сайн сайхан амьдарч байгаагийн хариуд уул ус, лус савдгаа аргадан номхруулж, баясгах зан үйлийг ёс жаягийнх нь дагуу хийх нь зүйтэй. Ингэж гэмээ нь байгаль дэлхий ээл буянаа илүү хайрлаж, тэнгэр бурхны адис жанлав орших болно хэмээн Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх ярилаа.