Маргааш буюу 12 дугаар сарын 06 өдөр МАН-ын бага хурал хуралдана. Уг хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй ч ярих нь тодорхой сэдэв бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал. Уг суудалд одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан заларч буй. Түүний хувьд давхар алба хаших чин хүсэлтэй. Гэвч нүүрсний хэрэг, Засгийн газар дээр өрнөж буй бусад асуудлаас бол энэ хүслээсээ татгалзах дээрээ тулсан сураг дуулдана.
Нүүрсний хэргээр Л.Оюун-Эрдэнийн засгийн газар айлгах гэж оролдсон ч эргээд залгиулж буй бололтой. Ах нар нь аятайхан байгаарай хэмээн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт анхааруулга өгсөн гэнэ. Тэр ч утгаараа эдгээр хүмүүс үг цөөрч, үйлдэлдээ хянамгай болж эхэлсэн сураг дуулдана. Иймд МАН-ын үнэмлэхүй хоёр ялалтыг нүүрэндээ нааж улс төр хийдэг Д.Амарбаясгаланг намын гал тогооноос салгах нь тодорхой болж иржээ. Түүний хувьд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найрсаг байдлаар зайгаа тавьж өгөх тохиролцоонд хүрсэн сурагтай.
МАН-ын зүгээс У.Хүрэлсүхээс явах гэж оролдсон. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга өөрөө бүхнийг шийдэж, утсан хүүхэлдэй байхгүй гэсэн бодол тээж хөдөлсөн ч хөл нь тушигдаж, эрх мэдэл нь багадаж, илүү гишгэх юм бол эвгүйтэх дээрээ тулсан тул арга буюу У.Хүрэлсүхийг бараадаж буй бололтой. Тиймээс ч түүний хүний намынхаа гал тогоонд залах нь.
Маргаашийн хуралдаанаар Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлал тун өндөр. Ингэсэн нөхцөлд МАН-д эргэж У.Хүрэлсүх ирлээ л гэсэн үг.