Энэ сарын 01-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их (16% нэн их, 43% их), 30 гаруй (33%) хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа.
Зуд болох нэн их эрсдэлтэй сумд:
Баян-Өлгийн Сагсай, Алтай, Булган, Баяннуур, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Түргэн, Тариалан, Малчин, Завхан,
Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Булган,
Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Цагаанчулуут,
Говь-Алтайн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат,
Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Жаргалант, Хүрээмарал, Заг, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт,
Хөвсгөлийн Цэцэрлэг, Төмөрбулаг, Галт,
Архангайн Цахир, Хангай, Өгийнуур, Хашаат,
Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Төгрөг, Баянгол, Хархорин, Өлзийт,
Булганы Баяннуур,
Төвийн Баянхангай, Баяндэлгэр (11 аймгийн 50 сум) сумд орж байна.
Харин их эрсдэлтэй сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Дэлүүн, Толбо, Улаанхус, Увсын Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Баруунтуруун, Өндөрхангай, Давст, Ховдын Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Чандмань, Завханы Тэс, Асгат, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Идэр, Завханмандал, Нөмрөг, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Дарви, Тонхил, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Баянлиг, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант, Архангайн Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал, Өвөрхангайн Сант, Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Хужирт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Гучин-Ус, Булганы Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баян-Агт, Төвийн Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Лүн, Заамар, Цээл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянжаргалан, Баянцогт, Аргалант, Орхоны Жаргалант, Хэнтийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баянмөнх, Баян-Адарга, Мөрөн, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Говьсүмбэрийн Сүмбэр, Өмнөговийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Баян-Овоо, Баяндалай, Ноён, Хүрмэн, Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өндөршил, Дорноговийн Даланжаргалан, Мандах, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн (18 аймгийн 144) сумд хамрагдаж байна.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Зуншлагын байдлыг арав хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургаадугаар сарын 20-оос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна (tsag-agaar.gov.mn).
Цасан бүрхүүлийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.1 см-ээс их, Баян-Өлгийн Булган, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Ховдын Булган, Алтай, Үенч, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Төвийн Мөнгөнморьт, Баян, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын нутгаар 10.1-20.0 см, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Увс, Завхан, Төв, Сэлэнгэ, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-40 см зузаан цастай байна.
Цас удаа дараа орж, зузаан нь нэмэгдэн 11 дүгээр сарын сүүлчээр эрс хүйтэрсэн, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ нарийвчлагдаж гарсан тул бид зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, энэ сарын 01-ний байдлаар гаргав.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс