Ардчилсан намын даргад өрсөлдөх 6 хүн

Ардчилсан намын даргад өрсөлдөх 6 хүн

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр өнөөдрийн байдлаар 6 хүн материалаа өгчээ. Тэдний хувьд уг өрсөлдөөнд орохын тулд эртнээс мэдэгдэж байсан нэгэн байхад огт өрсөлдөөнд оролцоно гэж яриагүй нэгэн ч байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Түүний хувьд өрсөлдөх тухай өөрөө хэлээгүй ч өрөөл нэр дэвшүүлж явсан нэгэн. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж гишүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн 4 жилд сайд хийсэн. Албан тушаалд хүрсэн, бас буусан нэгэн.

 

 

АН-ын гишүүн Л.Гантөмөр: Түүний хувьд эхнээсээ ил зарлаж намын даргын төлөө өрсөлдөхөөр зүтгэж эхэлсэн. Ингэхдээ фракцаа тарааж байгаагаа мэдэгдэж байв. Харин олон хүн түүнийг бусад фракцтайгаа тохирч Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд тухлах нь гэсэн хардлага байв. Нэгэнт тоглоомын дүрэм өөрчлөгдсөн учраас тэр энэ удаад намын даргын сунгаанд оролцохоор шийджээ.

 

 

 

 

 

 

 

АН-ын гишүүн Г.Батхүү: Түүний хувьд өөрөө намын даргын төлөө өрсөлдөнө гэж хэлээгүй ч олон хүн нэрийг нь эртнээс дэвшүүлсэн. МоАН санаачлагыг үүсгэн байгуулагч. Орон нутгийн сонгуулиар намын анхан шатны нэгжүүдтэйгээ хамгийн ойр ажилласан тус намын толгой улс төрчдийн нэг. Энэ утгаараа анхан шатнаасаа дэмжлэг авах найдлагатай гэж түүний эргэн тойрныхон ярих болжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Намын даргын төлөө хүчтэй тэмүүлж байгаа нэгэн. Түүний хувьд шонхор фракцыг толгойлж байгаа. Одоо тус намын шат шатанд шонхор фракцынхан давамгайлан ажиллаж байна. Энэ хүмүүсээ авч үлдэхийн тулд тэр намын дарга болохоор зүтгэж байгаа гэж олон хүн ярих болжээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Намынхаа дарга болохоор өрсөлдөхөө ил зарлаж, бас болоогүй хэд хэдэн шоу үзүүлбэр үзүүлээд амжсан. Тухайлбал хамгийн сүүлийнх нь 250 сая төгрөгийн босгоны тухай мэдээлэл. Тэр олон нийтийн дэмжлэгэтэй ч намынхаа муу муухайг ил гаргагч, хамт олонтойгоо ойлголцож чаддаггүй гэх сөрөг дүртэй нэгэн.

АН-ын гишүүн М.Чимэддорж: тус намын шинэ залуу үеийн төлөөлөл. Намынх нь зарим залуус зоригтой, бас зүтгэлтэй гэж үнэлдэг юм билээ. Гэхдээ тэр улс төрд олон жил чанагдаж сайн муу, саар зүйлсийг хийж ирсэн ах нараа даваад гараад ирнэ гэдэг тун ч бага магадлалтай.

Эдгээр 6 эрхэм намынхаа даргын өрсөлдөөнд оролцох материалаа бүрдүүлж өгөөд байна. Тэдний араас П.Цагаан, Д.Эрдэнэбат нар нэрээ дэвшүүлж материалаа өгөх магадлалтай. Гэхдээ тэднийг хэн хэн дэмжих вэ гэдэг л хамгийн сонирхолтой байна. Нэр дэвшихээр болж материалаа бүрдүүлсэн хүмүүс өнөөх 250 сая төгрөгийг намдаа тушаана. Ингээд бүх аймаг сумаар явж өөрийгөө сурталчилах зардлаа гаргана. Нам зүгээр сууж байгаад 1,5 тэрбум төгрөг халаалсах нь. Хэрэв нэмэгдээд 2 хүн ороод ирвэл 2 тэрбум төгрөгтэй баян нам болох нь дээ.

Ардчилсан намын дүрмээр бол намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй байх тухай яригдаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн хэн нь хэнийгээ дэмжихээс шалтгаалж намын даргын өрсөлдөөний ширүүхэн дүрслэл гарах биз ээ.