Өнгөрсөн ням гарагт гурван хүүхэд, эхнэрийнхээ амийг хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн аймшигт хэрэг СХД-ийн 26 дугаар хороонд гарсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Тодруулбал, тус хороонд суух 39 настай Х гэгч өөрийн 4, 6, 11 настай хүүхдээ, эхнэрийнхээ хамт хөнөөгөөд, өөрийн амиа егүүтгэсэн. Хэргийн газраас 16 настай дагавар охин зугатан гарч, цагдаад дуудлага өгсөн ч хэргийн газарт цагдаа албан хаагчдыг ирэх үед гэр бүлийн дөрвөн хүн аль хэдийн нас барсан байжээ.
Биднийг хэргийн газарт сурвалжлахаар очиход гэрийн өрхийг бүтээж, үүдний амбаар, хашааны хаалгыг цагдаагийн туузаар битүүмжилсэн байх бөгөөд гэрийн үүд манасан шар нохой үе үе хуцаж, хашаан дотроо холхиж байв. Түүнчлэн хүүхдийн ванн, хэц татан хатаасан хувцас зэрэг нь газар хөглөрсөн байлаа.
Талийгаач эмэгтэй буюу Х-ийн эхнэр Нарангийн хогийн пүү, захиргаа хоорондын автомашины замын үйлчлэгч байсан бөгөөд хамт олон нь хэргийг өчигдөр мэдэж, өнөөдөр ар гэрийнхэнтэй нь уулзсан гэнэ. Хамт ажилладаг байсан 40 орчим насны эмэгтэй “Санаанд багтамгүй аймшигтай хэрэг гарлаа. Үг дуу цөөтэй болохоор ар гэрийнхээ тухай элдэв зүйл ярьдаггүй байсан. Нөхөр нь хөдөө явж, олдсон ажил хийдэг, хааяа барилга дээр ажилладаг байсныг нь мэднэ. Гэхдээ гэртээ цалингаа авчирдаггүй гэж хэлж байсан. Хардаад хэцүү байна, салах юмсан гэж ч ярьдаг байсан. Өвөл түлшинд нэмэр болно гээд зам цэвэрлэж хураасан самарны ясыг хүртэл гэр лүүгээ аваад явдаг, амьдралаа болгох гэж л зүтгэдэг нэгэн байсан. Бидний ажил хүнд болохоор хааяа ууц нуруугаар өвдлөө гээд чөлөө авдаг байсан. Ирэх намар 6 настай хүүхэд нь сургуульд орох болохоор хичээлийн бэлтгэлийг нь хангах талаар ч ярьж байсан нь санаанд ороод хэцүү байна” хэмээн хоолой зангируулан хэллээ.
Мөн талийгаач эмэгтэйн хадмууд хамар залгаа амьдардаг гэсэн мэдээллийг өгсөн ч айлууд хэмээн заасан боловч хөршүүд “Танихгүй, манайд хамаагүй” хэмээн уцаарлаж байлаа.
Цагдаагийн байгууллага амьд үлдсэн охиныг нь хамгаалалтад авч, хэргийг мөрдөн шалгаж байна.
эх сурвалж:time.mn