Иргэдийн жагсаал үргэлжилж байна. Хулгайчийн нэрийг зарла гэж хашгирсан иргэдийн жагсаал өнөөдөр ч энэ үгээ давтаж буй. Иргэд өвлийн хахир хүйтэнд хонон өнжин жагсаж буй энэ үйл явдлаас улс төрчид хожиж эхэлжээ.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үлээсэн шүгэлэндээ бүдэрч, буланд шахагдав. Түүнийг иргэд хулгайчдын нэрийг зарла хэмээн шахах болов. Гарч ирээд тайлбар тавьсан ч түүнийг үл тоож, юу ч гэж сайхан үгээр хачир хийсэн сонсохыг үл хүснэ. Тэд нэг талаасаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний бөөрөнхий хариулалтыг сонсохгүй. Нөгөө талдаа тэр нэр хэлсэн ч чухал биш учир зарим иргэн захиалагч нарынхаа даалгавараар эсэргүүцнэ.Угтаа иргэдийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийг буланд шахаж, буцах замгүй болгох үүрэгтэй. Тэр үүргээ маш сайн биелүүлэв. Аргагүй эрхэнд Л.Оюун-Эрдэнэд ганц дэм болж буй хүн нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар боллоо. Түүний хувьд нүүрсний гэх асуудалд гар хөлөө дүрчихээгүй бололтой. Том том дуугарч, зарим нэг мэдээллийг зарлаж эхлэв. Үүнээс харахад Л.Оюун-Эрдэнэ нэрс зарлахад нэмэр болох ганц сайд нь Х.Нямбаатар юм байна. Харин түүний баруун, зүүн талд суугаа Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан нар бол зүгээр л эрх ашгийнхаа төлөө Ерөнхий сайдыг ашиглаж буй гэдэг нь өдөр өнгөрөх тусам ил болж байх шиг. Анх нүүрсний хулгай гэхэд Ч.Хүрэлбаатар ил гарч их л олон тайлбар тавьсан. Харин иргэд жагсаал хийж, шаардлага тавихтай зэрэгцээнд мань хүн арагш ухрав. Түүний хувьд нэр хэлж чадсангүй. Гагцхүү өөрийн хүнээ нүүрсний компанид очуулах гэсэн санаа байсан байж магад гэх хардлага улс төрийн хүрээнд нисч байна.
Ч.Хүрэлбаатар чимээгүй болох хамгийн том шалтгаан нь У.Хүрэлсүхийн ууртай буй дүр төрх. Учир нь нүүрсний гэх энэ асуудлыг сөхөж гаргах, Засгийн газар ил зарлах болсон шалтгааны ард Ч.Хүрэлбаатар байсан уу гэх асуулт улс төрийнхөн дунд хөвөрч буй. Хэрэв байсан бол ямар зорилгоор, яах гэж зарлуулав. Үүнээс юу хожих гэсэн вэ гэх хардлага юм. Яг үүнтэй зэрэгцэн Ч.Хүрэлбаатарын тоглоомд орж гарах гарцгүй болсон Л.Оюун-Эрдэнэ нэгэнт эхлүүлсэн ажлаа ард нь гарахаас өөр сонголтгүй болж буланд шахагдсан. Түүний тал талаас нь барьж идэх гэж буй. Түүний хувьд мянга гомдол хэлээд тусыг эс олно. Улс төрийн хүрээнд гарч буй яриагаар бол Л.Оюун-Эрдэнэ уурсахдаа Ч.Хүрэлбаатарт гомдол мэдүүлсэн сурагтай. Ч.Хүрэлбаатараас болж засгийн хувь заяатайгаа холбогдчихлоо хэмээн ундуйцаж байгаа гэнэ. Үүн дээр нэмж Ч.Хүрэлбаатар уурлаж буй хүн бол У.Хүрэлсүх. У.Хүрэлсүхийн хувьд засгийн газрын хутгасан бантангаа хурдан болго. Үгүй бол өөрсдийнх нь хувь заяатай ярина хэмээн ундуйцаж буй. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах тухай анхааруулсан гэнэ.
Ийнхүү нүүрсний гэх хэргээс үүдэлтэй хэрүүл ид үргэлжилж байхад хожиж суугаа ганц хүн нь Д.Амарбаясгалан гэнэ. Түүний хувьд чимээгүй далд сууж, аль болох анхааралд өртөхгүй байх дээр анхаарч эхэлжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд нам дотроо хамгийн том эрх мэдэлтэй нь. Хэдийгээр МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ ч намыг бүх шатанд эрх мэдлээ хадгалж буй нь Д.Амарбаясгалан. Түүнээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг салгах улс төрийн акц үр дүнд хүрэх гэж байв. Хэрэв энэ жагсаал болоогүй бол 12 дугаар сарын 6 өдөр МАН-ын бага хурал хуралдаж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажлаа өгөх байлаа. Харин оронд нь хэн болох вэ? гэдэг асуулт хэвээрээ үлдэв. жагсаалын хожил Д.Амарбаясгаланд наалджээ.