УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ПАППИЛОМА ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ БАЙНА

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ПАППИЛОМА ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ БАЙНА

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний паппилома вирус /HPV/-ээс сэргийлэх үндсэн арга нь вакцин юм. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг гол үүсгэгч буюу хүний паппилома вирусын эсрэг вакциныг дэлхий нийтэд зорилтод бүлгийн хүн амыг вакцинжуулж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа.

Дэлхий дээр хавдрын эсрэг хэд хэдэн вакцин байдгийн нэг нь хүний паппилома вирусын эсрэг вакцин, элгийг гэмтээдэг гепатит B вирусын эсрэг вакцинуудыг ихэнх улс орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байна.

Эдгээр хавдар үүсгэдэг вирусуудын эсрэг гол үндсэн сэргийлж байгаа аргууд нь вакцин. Ялангуяа хүний паппилома вирусын эсрэг 2 цэнтэй вакциныг улс орнууд хэрэглэж байсан.  Одоо бол 4 цэнтэй, 9 цэнтэй вакциныг дэлхий дахинд бүтээж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Яагаад цэнт гэж хэлээд байна гэвэл вирусыг дотор нь хэв шинжээр нь ангилаад 16,12,11 хэв шинж гэх мэтээр дугаарласан байгаа вирусуудын хэв шинжийн эсрэг хэдэн хэв шинжийг агуулж байгаагаар нь 2, 4 цэнтэй гэх мэтээр ангилдаг.

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ вакцинуудыг нэвтрүүлэх, зарим халдварт өвчнүүд, вирусээр үүсгэгдэж байгаа хавдруудыг эдийн засаг болоод хувь хүндээ ямар их хохиролтой байгааг үнэлсний үндсэн дээр вакциныг эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой байх талаар олон талын судалгаа хийсэн. Улмаар үндэслэлүүдийг гаргаж Монгол улсад Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинэ вакциныг нэвтрүүлэх журмынхаа хүрээнд 2019 онд Дархлаажуулалтын зөвлөх хороогоор хэлэлцүүлсэн.

Уг хэлэлцүүлгээр 2020 оноос эхлэн сайн дурын дархлаажуулалтад ашиглаж, хэрэглэх зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах, улмаар дархлаажуулалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх асуудлыг улсын хэмжээнд зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гараад холбогдох бодлогын бичиг, баримтуудад тусгагдаад явж байна.9-13 насны охид ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх боломжтой. 

Эхний тунг хийлгэснээс хойш 2 сарын дараа 2-р тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа 3-р тунг хийлгэх заалттай. 

Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцах хуулийн зохицуулалттай аж. ХӨСҮТ-д уг вакциныг 20 мянган төгрөгөөр хийж байна. АНУ-ын Merck Sharp&Dohme Corp үйлдвэрлэгчийн Gardasil вакциныг хийх юм. Gardasil вакцин нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний паппилома вирусын эсрэг дөрвөн цэнт рекомбинант вакцин аж.  Вакцин нь флакондоо нэг тунгаар савлагдсан нэг удаагийн зүү, тариураар тарина.