Өвлийн улиралд хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдварт өвчин, харин зун суулгац өвчин зонхилдог байна. Тиймээс эхлээд хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар зөвлөмжийг эцэг эхчүүдэд өгье.
Эцэг эхчүүд хамгийн нэгдүгээрт хүүхдээ ямар нэгэн суурь өвчингүй байлгах ёстой. Хүүхэд ямар нэгэн өвчнийг даван туулах өөрийн гэсэн дархлаатай байх ёстой юм. Хүүхдийг суурь өвчингүй байлгахын тулд нэгд, сульдаа буюу витамин Д, кальцийн дутагдлыг арилгаж, рахитгүй байлгах хэрэгтэй. Хоёрт, цус багадалтгүй байлгах. Гуравт, нь тураалгүй буюу хоол тэжээл, уураг илчлэгээ хангалттай авдаг байлгах ёстой. Дөрөвт, харшлын суурь өвчингүй байлгахад анхаарах. Аав, ээж нь харшилтай бол хүүхдэд дамжих магадлалтай учраас харшлаас сэргийлэхэд хүндрэлтэй байдаг. Харин харшлаас бусад дээр дурдсан гурван өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхэд суурь өвчингүй байвал ханиад томууны вирусын халдвар авсан ч хурдан эдгэрч, хүндрэл нь бага байдаг.
Дараа нь биеийн эсэргүүцлийг сайн байлгахын тулд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь чухал. Давс болон чихэрлэг зүйлсийг өгөхгүй байх хэрэгтэй. Их хэмжээний чихэрлэг зүйл идэх, ундаа уух нь хоол идэх гэж байсан ходоод дарагдаж, өлсөх мэдрэмжийг байхгүй болгочихдог. Тиймээс л хүүхэд хоол идэхгүй чихэр, ундаа хэрэглэх гээд байдаг болчихно. Үндсэн хоолонд мах, гурил, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн багтана. Дараа нь олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе. Нялх хүүхэдтэй айл бол олон хүн гэртээ оруулахгүй, цөхүүлээ л байх хэрэгтэй. Хэрвээ өөрсдөө ханиад томуу хүрсэн бол хүүхдээ үнсэхгүй байхыг зөвлөнө. Яагаад гэхээр амьсгалын замын өвчин учраас нэг милметр ойртоход халдвар тараах магадлалтай.
Хүүхдийн нус гоожиж, сулраад ирвэл хүүхдийнхээ халууныг сайтар хэмжиж байх хэрэгтэй. Халуурч байна гэдэг нь биеийн эсэргүүцэл сайн байна л гэсэн үг. Хоёрт, өвчин хүрсэн байна гэдгийг илэрхийлдэг. Нүүр, гар нь халуун дүүрээд байвал эхний нөхцөлд хүйтэн жин тавьж, шингэн зүйл сайн уулга. Хүүхдийн царай цонхийж, гар нь хүйтэн, арьс нь эрээнтээд ирвэл даруй түргэн дуудах хэрэгтэй. Үүнийг цагаан халууралт гэж нэрлэдэг бөгөөд өвчин нь хүндрэх үе рүү орсон тохиолдолд илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ яаж халуурч байгааг сайтар ажиглаж байх нь зөв. Хүүхдийн хамар битүүрээд байвал байрлалыг нь байнга сольж, цээжийг 30 градус өндөр дээр хэвтүүлж байхыг зөвлөж байна. Хүүхдээ 60 градус налуу байрлалтайгаар хамрын битүүг арилгах дусаалгыг зөв хэрэглэж байх.