Ярилцлага: Умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг

Ярилцлага: Умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг

“Етемо” эмнэлгийн их эмч, эмэгтэйчүүдийн хавдрын тэргүүлэх зэргийн эмч С. Мөнхбат: Умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг.
-Та “Хань” сонины энэ дугаарын зочноор уригдаж байна.
-Баярлалаа. Юуны өмнө намайг энэ дугаарынхаа зочноор урьсан танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн уншигчдад нь энэ өдрийн халуун мэндийг хүргэе.

 

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар ихсэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг болоод байна?
-Умайн хүзүүний хавдар ихсэж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байгаа. Сүүлийн таван жилд хийсэн судалгааг харахад аажим аажмаар хавдар ихэссэн бодитой тоо гарч байна. Тухайлбал 2002 онд 222 хүн өвчилж байсан бол 2006 он гэхэд 318 хүн болж өссөн байна. Зөвхөн энэ тоо бол жилдээ шинээр илэрч байгаа хавдрын хэмжээ шүү дээ.

-Умайн хүзүүний эхэн үеийн хавдар нь хожуу үеийнхээсээ ихэссэн гэж ярих юм. Үнэн үү?
-Нарийвчлаад үзвэл умайн хүзүүний хожуу үеийн хавдар харьцангүй буурч, эхэн үеийн хавдрын илрэлт өссөн хандлага бий. Тухайлбал 2002 онд I, II үеийн хавдар 30 %, III, IV дүгээр үеийн хавдар 70 %-тай байсан бол 2006 онд I.II үеийн хавдар 36.5, III, IV үеийн хавдар 63.5 болж буурсан байгаа. Хэдийгээр хавдар ихсэж байгаа ч гэсэн энэ тоо баримтаас үзэхэд эерэг хандлага ажиглагдаж байна.

-Умайн хүзүүний хавдар яг юунаас болж үүсдэг юм бэ?
-Умайн хүзүүний хавдар өвчин үүсэхэд бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн замын халдварт болоод үрэвсэлт өвчнөөр олон дахин өвдсөн, удаан өвчилсөн, өвчнөө эмчлэхгүй даамжруулсан, олон удаа абортонд орсон, олон удаагийн төрөлт, хүний хөхөнцөр вирусын халдвар гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Сүүлийн үед хүний хөхөнцөр вирусын халдвар залуучуудын дунд маш их гарч байгаа.

-Хүний хөхөнцөр вирусын халдвар гэж юу юм бэ?
-Энэ нь дотроо олон төрөлтэй байдаг. Түүнээс 30 гаруй төрөл нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг. Тамхи татах нь хавдар үүсгэхэд их биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг.

-Хавдар удамшдаг уу?
-Удамшдаг тал бий. Эмээ нь эсвэл ээж нь умайн хүзүүний хавдраар өвчилж байсан бол охин хүүхдэд нь удамших илрэл ажиглагддаг.

-Улсын хэмжээнд өвчний тархалт хэр байна вэ?
- Умайн хүзүүний хавдрын өвчлөл нь Улаанбаатар хотын аль ч дүүргүүдэд их бий. Аймгуудад Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Завханд өвчлөл өндөр байдаг. Харин Баян-Өлгий аймагт уг өвчний өвчлөл харьцангүй бага байдаг. Энэ нь тэдний зан заншилтай холбоотой юм. Бэлгийн ариун цэврийг маш сайн сахидаг. өглөө, өдөр, орой бие зассан бол хөгшид залуусгүй бүгд бэлэг эрхтнээ угааж заншсан. Үүнийхээ хажуугаар гэр бүлийн ариун ёс журмыг дээдэлж баримталдаг ард түмэн. Тэгэхээр хажуудаа оршин суугаа ард түмнээсээ бид санаа сургамж авч байх хэрэгтэй.

-Энэ өвчнөөр хэд орчим насны эмэгтэйчүүд өртөж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд бол умайн хүзүүний хавдар өвчнөөр 50-иас дээш насныхан илүү өртдөг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манайд 35-55 насны эмэгтэйчүүдэд энэ өвчин илүү тохиолдож байна. Бүр 62%-ийг эзэлж байгаа. Энэ бол сүүлийн жилүүдэд гарсан маш өндөр үзүүлэлт. 20-35 насны эмэгтэйчүүдэд 10%, харин 55-65 насны эмэгтэйчүүдэд 28% байна. 18-45 насыг төрөх нас гэдэг шүү дээ. Гэтэл төрөх насандаа манай эмэгтэйчүүд их өвчилж байгаад сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Умайн хүзүүний хавдар өвчин эмэгтэйчүүдийн байрлалын хавдар дотроо нэгдүгээрт орж байгаа. Жилдээ 300 гаруй хүн шинээр өвчилсөн байхад тэдгээрийн 60 гаруй хувь нь эмчилгээ авах боломжгүй гэж оношлогдсон.

-Анхны шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ?
-Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроосоо хамгийн мэдрэлжилт муутай эрхтэн. Тийм болохоор зовиур шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй.

-Хүндэрсэн үедээ…
-Хүндэрсэн үедээ үтрээнээс эвгүй үнэртэй усархаг, цусархаг ялгадас гарна. Энэ нь бэлгийм харьцааны дараа, эсвэл эмчийн үзлэг хийлгэсний дараа, хүнд юм өргөхөд гарна. Өөр нэг зовиур нь ууц, нуруу, хэвлийн доод хэсгээр өвдөнө. Бүр хүндэрсэн үедээ бол энгийн үед ч цус алдана. Хажуу эрхтнүүддээ нөлөөлсөн бол тэднийх нь үйл ажиллагаа өөрчлөгдөж хямрана. Хүндэрсэн IV үедээ орсон бол амь насанд аюултай.

-Ямар хэлбэрээр дамжиж хорт хавдар үүсдэг вэ?
-Аливаа өвчний хавдар эрүүл эд эсэд үүснэ гэж байдаггүй. Заавал ямар нэгэн гэмтэл, үрэвсэл, өөрчлөлттэй суурь дээр даамжирч үүсдэг юм. Даамжирсаар хавдрын урьдал өвчинд шилжинэ. Хавдрын урьдал өвчин нь дотроо хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэсэн гурван үе шаттай. Дараагийн шат нь хорт хавдарт шилждэг.

-Хавдар хэдэн жилийн дараа илрэх тохиолдол байдаг уу?
-Хавдар өвчин тийм ч хурдан үүсчихдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамжиж байгаад хавдарт шилждэг. Үүнд таван жил, арван жил, арван таван жил болж байж хавдар үүсдэг. Тэгэхээр энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

-Эрт илрүүлвэл бүрэн эдгэрэх өвчин үү?
-Энэ өвчин эдгэрдэг өвчин. Эмчлүүлвэл үр дүн сайтай. Аливаа хавдар эрт үедээ илэрвэл эмчилгээ, үр дүн төдийчинээ сайн, хожуу үедээ илэрвэл эмчилгээний үр дүн төдийчинээ муу байдаг.

-Эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд…
-Умайн хүзүүний хавдар, амны хөндийн, арьсны хавдруудыг ил хэлбэрийн хавдарт тооцдог. Тэгэхээр умайн хүзүүний хавдраас бүрэн сэргийлэх боломжтой. Бүсгүйчүүд маань өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл гаргаад эмчид хандаж, жил бүр эсийн шинжилгээ өгөөд байвал энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлж чадна. Бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ гэр бүлдээ үнэнч, ариун нандин ёсыг үргэлж эрхэмлэдэг байгаарай.

-Эсийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж та ярьлаа. Үүний ач холбогдол нь …
-Эсийн шинжилгээний талаар эмэгтэйчүүд сүүлийн үед сайн ойлголттой болсон байна. “Эмч ээ би эсийн шинжилгээ өгье” гэж орж ирдэг эмэгтэйчүүдийн тоо ихсэж байгаа. Энэ шинжилгээ нь оношилгооны маш өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардаггүй. Богино хугацаанд өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна. Ийм хялбар энгийн ажилбартай. Эсийн шинжилгээ өгөх гэж байгаа бол үтрээний дотор угаалга хийхгүй, хоёр хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх шаардлагатай.

-Эсийн шинжилгээнээс өөрөөр шинжлэх сорил бий юу?
-Умайн хүзүүний хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хөгжиж буй орнуудад “Цууны хүчлийн сорил”-ыг тавих хэрэгтэй гэж ДЭМБ зөвлөмж өгч байгаа. Манайд бол хөдөө орон нутагт энэ сорилын шинжилгээг өгч байх хэрэгтэй. Үүнд хөрөнгө, хүч орохгүй, эдийн засгийн боломж тэр бүр шаардаад байхгүй хамгийн ашигтай арга гэдэг нь нотлогдсон. Нэг жишээ хэлье. ДЭМБ-аас Өмнөд Африкт энэ аргаар 2426 эмэгтэйд шинжилгээ хийж үзэхэд 65 хувьд нь хавдрын урьдал өвчний дунд, хүнд хэлбэр, эрт үеийн хавдар илэрсэн байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгийн эмч нар знэ шинжилгээг сайн хийж өвчлөлтэй хүмүүсийг даруйхан зохих эмнэлэгт нь эмчлүүлж байх хэрэгтэй.

-Умайн хүзүүний хавдартай эмэгтэй үр хүүхэд төрүүлэх боломжтой юу?
-Хэрвээ урьдал өвчтэй байж байгаад эмчлүүлсэн тохиолдолд үр хүүхдийн асуудлыг ярьж болно. Харин умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд аборт их хийлгэх болсон. Энэ нь өвчин үүсэхэд нөлөөлнө биз?
-Аборт хийлгэх, үр хөндүүлэх нь эрсдэл ихтэй алхам. Багажаар авч байгаа ч гэмтэл үүсдэг. Цаашлаад хавдар үүсгээд зогсохгүй, өндгөвч, сав, хөхний өвчин үүсгэдэг сөрөг үр дагавартай. Эмэгтэй хүн байгалийн жам ёсоор үр хүүхэд төрүүлэхээр заяагдсан байдаг шүү дээ. Уураг тархи, бүх эрхтэн систем тэр ургийг эрүүл бойжуулахын төлөө зориулагдсан байхад гэнэтхэн тасалчихаар бүх эрхтэнд хямрал өгдөг. Хэдий олон үр хөндүүлнэ төдийчинээ өөртөө өвчин хураана гэсэн үг.

-Манай эмэгтэйчүүдэд энэ өвчний тухай ойлголт хэр байдаг бол…
-Эрт үеийн хавдрын илрэлт нь харьцангүйгээр ихсэж байгаа нь нэгдүгээрт эмэгтэйчүүд маань эрүүл мэнддээ анхаарч, санаа тавих шаардлага нь өндөрсөж байгаатай холбоотой. Хоёрдугаарт ХСҮТ-өөс улсын хэмжээнд хавдартай тэмцэх хөтөлбөрийг 1998 оноос 2005 он хүртэл хэрэгжүүлсэн. Түүнээс гадна “Халдварт бус өвчинтэй тэмцэх” хөтөлбөр, “Эрүүл Монгол” хөтөлбөр гэх мэтчилэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж явуулж байна.

-Одоо хоёулаа энгийн зүйл ярилцъя. Төрсөн нутаг, тогссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гээд манай уншигчдад өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
-Би Баянхонгор аймагт төрж өссөн. АУДС-ийг 1981 онд төгсөөд, Хавдар Судлалын Төвд эмэгтэйчүүдийн тасагт эмчээр анх ирж, ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Энэ байгууллагад би 20 гаруй жил ажилласан. Одоо “Етемо”хувийн эмнэлэгт ажиллаж байна.

-Танайхыг эд эсийн шинжилгээний анхны лаборторитай хувийн эмнэлэг гэх юм билээ…
-Тийм ээ. Манай эмнэлэг эд, эсийн шинжилгээний лаборторитай, үтрээний дэлгэцтэй дурантай, нарийн мэргэжлийн туршлагатай доктор Ш.Энхтуяа, Г.Оюунгэрэл, Уянга гээд эмч нар ажилладаг. Манай эд эсийн шинжилгээ богино хугацаанд гардаг. Тэгэхээр өөр бусад хувийн эмнэлгүүд эсийн шинжилгээ хийх боломжгүй бол шинжилгээгээ аваад манай лаборторид хандаж болно. Манай эмнэлэг хоёр ээлжийн эмчтэй. Өглөө 9 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг. Өдөрт 50-60 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг.

-Таны гэр бүл…
-Гэр бүлийн маань хүнийг Н.Ханой гэдэг. Алтан булгийн чөлөөт бүсийн захирагчийн албыг хашдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Хүү маань эдийн засагч, охин маань хуульч мэргэжилтэй. Одоо манайх гэдэг айл хүргэн, бэртэй, ачтай гээд өнөр өтгөн болсон.

-Эмч хүний ажил хэцүү биз. Хань тань хэр сайн ойлгодог вэ?
-Нөхөр маань их сайн ойлгоно. Мэс заслын эмч болохоор хагалгааны дараа хүндрэл гарахад нөгөө хүндээ сэтгэл их зовно. Тэгэхэд хань маань яг л над шиг сэтгэл нь зовчихсон байдаг байсан. Тэгээд надаас “Нөгөө хүн чинь яаж байна” гээд асууна. Бие биенийхээ ажил мэргэжлийг ойлгоод ирэхээрээ гэр бүлээрээ хүртэл санаа тавьдаг болчихдог юм билээ.

-Ямар зан нь таалагддаг вэ?
-Сайн ханьтай байна гэдэг сайхан шүү дээ. Хань маань ухаалаг, цайлган сэтгэлтэй, нээлттэй хүн дээ. Гэр бүлийнхээ үүрэг хариуцлагыг маш сайн ухамсарладаг. Энэ зан нь надад их таалагддаг юм.

-Гэр бүл амар амгалан, аз жаргалтай байхад…
-Бие биедээ итгэдэг, хайр халамжаар дутаадаггүй, халуун дулаан уур амьсгалтай байдаг гэр бүл аз жаргалаар дүүрэн байдаг.

-Хүний хань байна гэдэг…
-Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж амьдарна гэдэг нэг бодлын үүрэг хариуцлага юм даа. Залуус маань гэр бүл болно гэдгийг эртнээс ухамсарладаг байх хэрэгтэй. Гэрлэх гэж яарах биш. Боловсрол мэдлэг эзэмшиж, амьдралаа аваад явчих болсон үедээ амьдралын ханиа зөв сонгож гэрлэх их зөв шүү. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэдтэйгээ аль болох нээлттэй харьцдаг байх хэрэгтэй. Гэр бүл болох, эцэг эх болох үүрэг хариуцлагыг багаас нь ойлгуулж өсгөх хэрэгтэй юм шиг санагддаг.