Ярилцлага: Умайн хүзүүний хорт хавдар 1-2 шатандаа бүрэн эдгэрдэг

Ярилцлага: Умайн хүзүүний хорт хавдар 1-2 шатандаа бүрэн эдгэрдэг

Эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа

Манайхны ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эмч гэхээр эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоод  ойлгоод байдаг.  Та энэ талаар тайлбарлаж хэлэхгүй юу?
-Миний хувьд эмэгтэйчүүдийн хавдраар илүү дагнан ажилладаг. Эмэгтэйчүүдийн эмч гэж манайхан ерөнхийд нь ойлгоод байдаг юм. Гэтэл энэ мэргэжил маань дотроо 5 төрөлд нарийн мэргэшиж задардаг. Юуны өмнө над шиг хавдрын чиглэлээр, тэгээд  гормоны тэнцвэрт байдал, өөрчлөлтийг  үзэж оношлодог, гэр бүл-үргүйдлийн, охидын, эх барих эмэгтэйчүүдийн гээд төрөлжөөд явдаг л даа. Тэгэхээр тухайн хүн эмэгтэйчүүдийн ямар өвчлөл, зовиур байгаагаа сайн тодорхойлоод яг тэр чиглэлийнхээ эмчид хандвал илүү үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг авдаг.  Жишээлбэл, сарын тэмдэг өөрчлөгдөөд, үр тогтохгүй байгаа бол үргүйдлийн эмчид хандах, хавдрын чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэе, хортой хоргүй хавдрын эрсдэл байна уу үгүй юу гэдгийг мэдье гэвэл хавдрын эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Яагаад гэвэл эмч нар тухайн чиглэлээрээ аппарат тоног төхөөрөмжтэй, дадлага туршлагатай,  эмчилгээ үйлчилгээ нь илүү төрөлжсөн байдаг. Надаас олон чиглэлээр хүмүүс зөвлөгөө авах гэж хүсдэг бөгөөд би хавдрын чиглэлээр бол бүрэн дүүрэн зөвлөгөө өгч, эмчилгээ үйлчилгээг үзүүлэх боломжтой байдаг. Яагаад гэвэл миний мэдлэг чадвар, ажлын туршлага, аппарат, тоног төхөөрөмж  бүгд л хавдрын үзлэг оношлогоонд зориулагдсан байх жишээтэй. Гэхдээ үргүйдэл, жирэмслэлт, гормоны өөрчлөлт гээд олон асуултуудад ерөнхий зөвлөгөөг өгч, зарим зайлшгүй хийгдэх шинжилгээг нь авч, тухайн чиглэлээр нь нарийн мэргэшсэн эмч нарыг нь зааж өгөөд явуулдаг.

-Умайн хүзүүний хавдар ихсээд байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Умайн хүзүүний хортой хавдар үүсэх гол үндсэн шалтгаан гэвэл
-    Олон удаа төрсөн эхчүүд
-    Хүний хөхлөг вирүс буюу HPV вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүд
-    Бэлгийн замаар дамжих халдварт өвчин удаа дараа тусч байсан эмэгтэйчүүд
-    Бэлгийн олон хавьтагчтай байх
-    Эрт төрсөн эмэгтэйчүүд


Эмэгтэйчүүд маань нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм. Хэн ч эрүүл байж байгаад шууд хорт хавдар болдоггүй, эхлээд суурь, урьдал өвчин тусч байгаад дараа нь хорт хавдарт шилждэг. Умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, ялангуяа хавдрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, үзлэгийн явцад янз бүрийн сорилууд хийгддэг. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээ нь хавдарын урьдал өвчин, суурь өвчин, хавдар байгаа үгүйг илрүүлдэг.

-Эмэгтэйчүүд умайн хүзүүний хортой хавдрыг үзүүлэхэд бөөн шинжилгээ өгөх болдог гэж хойш суух нь бий. Илүү хялбар нөхцөл шаардаад байхааргүй тийм шинжилгээ байдаг уу?

-Эсийн шинжилгээ нь хамгийн хялбар, мазокийн шинжилгээ шиг түрхлэг аваад үзчихдэг. Ямар нэг өвдөлт өгдөггүй, энэ шинжилгээ нь дэлхий дахинд батлагдсан шинжилгээ юм. Маркерийн шинжилгээгээр эмэгтэйчүүдийн хорт хавдар тусч уу үгүй юу гэдгийг илрүүлнэ гэж сүүлийн үед яриад байгаа. Энэ нь өндгөвчний хавдрыг илрүүлэхээс биш умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэхгүй. Умайн хүзүүний хорт хавдар эрсдэлт өвчнүүдийн нэгдүгээрт бичигдэж байгаа тул эсийн шинжилгээг жилд нэг удаа өгч байх хэрэгтэй.

-Таны үзлэгээр хэд орчим насны эмэгтэйчүүд илүү өвчилж байна вэ?
-Хавдар харьцангуй залуужиж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч гол вирүс HPV нь  бэлгийн замаар дамжин халдварладаг. Бэлгийн замбараагүй харьцаатай, олон хавьтагчтай эмэгтэй хүн энэ вирүсийг эрэгтэй хүнээс авчихдаг. Гэтэл энэ эрэгтэй хүн өөрөө хорт хавдраар өвчилдөггүй бөгөөд дамжуулагч болж нэг эмэгтэйгээс нөгөөд дамжуулж байдаг. Ийм болохоор энэ вирүс нь ДОХ-ын вирүс шиг бэлгийн замаар дамжиж байдаг учир бэлгэвчийг байнга хэрэглэх нь энэ эрсдлээс хамгаална. Гэр бүл болтлоо бүсгүйчүүд минь бэлгэвчийг хэрэглэж занших хэрэгтэй. Үзлэгийн явцад бэлгийн замын халдварт өвчнүүд, ялангуяа трихоманиаз, заг хүйтэн, гарднереллёз, хламид зэрэг элбэг тохиолдож байна.  Эдгээр өвчнүүдтэй хорт хавдрыг үүсгэгч вирүс хамт тээгдэж явдаг ба өнгөний өвчнийг илрүүлэх шинжилгээгээр хавдрын вирүс илэрдэггүй тул зөвхөн өнгөний өвчнүүдийг нь эмчлээд орхидог талтай. Тиймээс эсийн шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. Мазокийн шинжилгээ өгөхтэй адилхан хялбар хийгддэг энэ шинжилгээг бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүн бүр өгснөөр өөрийгөө хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.