ЯРИЛЦЛАГА: "ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ БУУРАХГҮЙ БАЙНА

ЯРИЛЦЛАГА: "ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ БУУРАХГҮЙ БАЙНА

Хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байна. Эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа юм. Тэгвэл уг ханиад нь ямар төрлийн вирусээс гаралтай болох,уг вирусээр хэрхэн өвчлөхгүй байх талаар ТҮН-ийн халдвар судлагч их эмч, НЭМУ-ын магистр Д.Оюунгэрэл эмчтэй ярилцлаа.

Одоо ямар өвчний халдвар илүү зонхилж байна вэ?

-Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 9.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 19.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.

-КОВИД-19-ийн цар тахлын үеэр томуу, томуу төст өвчний өвчлөлийн нөхцөл байдал ямар байсан бэ? Одоогийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал?

-Сүүлийн 2 жилийн хугацаанд буюу 2020, 2021 онд КОВИД-19-ийн цар тахал гарсантай холбоотой томуу, томуу төст өвчин харьцангуй бага буюу улирал хоорондын түвшинд байсан. Тус томуугийн улирал буюу 2021/2022 оны томуугийн улирлыг цартахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд өөрчлөлт ороод байна.

-Аль улиралд өвчлөл илүү нэмэгдэж байна вэ?

-Томуу, томуу төст өвчний улирал маш тодорхой байдаг. Тухайн оны 10 дугаар сараас эхлэн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, 12, 1, 2 саруудад дэгдэлт оргил үедээ хүрч 3 дугаар сараас эхлэн буурдаг зүй тогтолтой. Гэтэл тус 2022 оны зургадугаар сарын байдлаар өвчлөл 3 дугаар сард оргил үедээ хүрч, одоогоор улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байж, дэгдэлт буурахгүй байна. Зургадугаар сарын 10-ны байдлаар өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-3 хувиар буурсан хэдий ч амбулаториор хандаж байгаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дундах томуу, томуу төст өвчний шалтгаант үзлэг, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт доривтой буурахгүй байна.

-Ихэвчлэн бага насны, нярай хүүхдүүд илүү өвдөж байгаа хүнд хэлбэрийн ханиад байна. Энэ ямар төрлийн вирус вэ?

-Томуу, томуу төст өвчний маш олон төрлийн вирус байх ба үүнээс амьсгалын замын синцитиаль вирус болон улирын томуугийн вирус нь бусад төрлийн вирустай харьцуулахад хоруу чанар өндөртэй, ихэвчлэн бага насны хүүхдүүд, ялангуяа 2 хүртэлх насны хүүхдүүд уг вирусийн халдвар авсан тохиолдолд хурдан хугацаанд уушгины хатгаа болж хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог. Тус томуугийн улиралд цартахлын SARS-CoV-2 вирусээс гадна улирлын томуугийн A(H3N2), томуу төст хүний метапнемонивирус, бокавирус, риновирус, амьсгалын замын синцитиал вирус зэрэг томуу, томуу төст вирусууд хүн амын дунд идэвхтэй байна. Тиймээс том хүн, хүүхэд аль аль нь энэ вирусийн халдвард давхар өртөх боломжтой байгаа юм. Сүүлийн 2 долоо хоногоос харахад хүний метапневмовирүсийн сорьцод эерэг тодорхойлогдох хувь нэлээн өндөр буюу 10-15 хувийг эзэлж байна.

-Энэ вируст ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Халуурах, ханиалгах, нус гоожих гэх мэт шинж тэмдгээр илэрнэ. Ялангуяа бага насны хүүхэд болон архаг суурь өвчтэй, уушгины архаг өвчтэй хүмүүст илүү богино хугацаанд хүндэрч уушгины хатгаа болох эрсдэлтэй.

ХӨСҮТ нь SARS-CoV-2, улиралын томуугийн вирусээс гадна хүний метапневмовирүс, бокавирүс, риновирүс, амьсгалын замын синцитиаль вирус, иж томуугийн вирус, энтеровирүс, адиновирүс зэрэг нийт 15 нэр төрлийн томуу төст өвчний үүсгэгчийн вирус судлалын тандалтыг хийж байна.

-Тэгэхээр нэг хүн нэг дор хэдэн ч халдвар авах боломжтой бөгөөд тэр бүгд нь нийлээд хүнд хэлбэрийн ханиадыг үүсгэдэг гэсэн үг үү?

-Тийм байх боломжтой. Амьсгалын замын халдварт өвчний үүсгэгчийн дамжих зам нь адилхан учраас нэг хүн хэдэн ч төрлийн вирусийн халдвар авах боломжтой. SARS-CoV-2 вирусийн халдвар авсан байлаа гээд томуугийн вирусээр өвдөхгүй гэсэн үг биш. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, маскаа тогтмол зүүж, гараа сайтар угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн арга хэмжээг эцэг, эхчүүд ялангуяа сайн хэрэгжүүлэх шаардлагатай.

-Дийлэнхдээ хэдэн насны хүүхдүүд ирж байна вэ?

-Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 9 хүртэлх насны хүүхдүүд 70 гаруй хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл бага зэрэг нэмэгдсэн байна. Мөн уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж буй нийт хүмүүсийн 90 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Харин сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаа гэсэн шалтгаантай байна.

-Уг вирусүүдийн дэгдэлт хэзээ буурах төлөвтэй байна гэж үзэж байгаа вэ?

-Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлтийн үргэлжлэх хугацааг үүсгэгчийн онцлогтой холбоотойгоор хугацаа зааж, тогтоох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчний үүсгэгч нь маш богино хугацаанд хувьсан өөрчлөгдөх чанартай байдаг учир шууд энэ сард багасна, ихэснэ гэсэн таамаглал гаргах боломжгүй юм.

эх сурвалж: өдрийн сонин