Хэн гэж улс төрч Монголын мянганы сорилтын сангийн захирлын сонгон шалгаруулалтыг гацаав

Хэн гэж улс төрч Монголын мянганы сорилтын сангийн захирлын сонгон шалгаруулалтыг гацаав

Монголын Мянганы сорилын сангийн 350 сая ам доллароор УБ-ын усан хангамжийг сайжруулна хэмээн та бид итгэж байгаа. Үүгээр зогсохгүй  цэвэрлэх байгууламжаас гарсан  бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах замаар цахилгаан станцын усан хангамжийг шийдвэрлэнэ гэж баярлан хөөрч байсан цаг саяхан. Гэтэл энэ сайхан төслийг ямар нэгэн байдлаар өөрт ашигтай хэлбэрт эргүүлэх гэсэн оролдлогууд яваад эхэлсэн бололтой. Хамгийн сүүлд 2022 оны 8 сарын 5-ны өдөр Монголын Мянганы Сорилын Сангийн гүйцэтгэх захирал болон захиргааны асуудал хариуцсан захирлын сонгон шалгаруулалт зарлагдсан цагаас эхлээд л үл ойлгогдох зүйл ар араасаа хөвөрч эхэлсэн байна. Үүнийг нь  хардахаас өөр аргагүй хачирхалтай зүйлс шил шилээ даран өрнөлөө.

  1. Энэ 2 албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг нийтэд тавихдаа яагаад ч юм монгол хэлээр огт тавьсангүй. Зөвхөн англи хэл дээр mca-mongolia.gov.mn гэсэн хаягийн англи хувилбар дээр нь л тавьсан байх юм. Гэтэл бусад бүх зарлалаа тэр байтугай харилцагч байгууллагад сүлжээний ажилтан авах зарыг хүртэл англи монгол хэлээр бүх газар тавьсан харагдах юм. Арай анхнаасаа л олон нийтээс нуух зорилготой байсан юм биш байгаадаа.
  2. Тэр зарлалаас нь харахад Mongoliatalentnetwork хэмээх нэр бүхий Монгол компанид сонгон шалгаруулалтын материалыг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг даалгасан байх юм. Урд нь сонгон шалгаруулалтууд дандаа гадаадын компаниудаар дамжин явдаг байсан тул хэл ам, хариуцлагагүй, ойлгомжгүй байдал үүсдэггүй байсан тухай хүмүүс ярьдаг. Арай анхнаасаа л зохион байгуулалттай байсан юм биш биз.
  3. Сонгон шалгаруулалтын процесс 9 сар хүртэл хэвийн явагдаж байгаад гэнэт л таг чиг болсон бололтой. Тэр байтугай захиргааны асуудал хариуцсан захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэдэг яриа ч хүртэл гарсан. Гэтэл гэнэтхэн л тэр сонгон шалгаруулалтын эцсийн шатны ярилцлага болж хүнээ шалгаруулсан гэдэг ч одоо хүртэл хүн тавигдаагүй. Тэр сонгон шалгаруулалтанд оролцсон хүмүүсийн дундаас “миний нэрийг зур зоргоороо хаслаа, сонгон шалгаруулалтын ярилцлагын зарыг надад хүргээгүй, хэлээгүй, албан ёсоор майлээр харилцдаг, намайг оролцуулсангүй ” гэх мэт гомдлуудыг зохион байгуулж буй компанид гаргасан сураг байдаг. Хариулт нь “бид мэдэхгүй ээ Таны нэрийг Монголын мянганы сорилтын сангаас хассан” гэдэг маш хачирхалтай хариулт өгсөн сурагтай. Журам ёсоор сонгон шалгаруулалт Монголын мянганы сорилтын санд огт хамаагүй харин зохион байгуулж буй компани, Америкын Мянганы сорилтын санд хамааралтай асуудал байлтай. Бүр сонирхолтой нь энэ албан тушаалд одоо хүртэл хүн томилогдоогүй л байгаа юм байна. Учир нь Монголын мянганы сорилын сангийн вебсайтад энэ албан тушаалын тухай мэдээлэл байхгүй хэвээрээ. Арай анхнаасаа томилохгүй байх санаатай байсан юм биш байгаа даа.
  4. Сонгон шалгаруулалтын үеэр бас нэгэн хачирхалтай зүйл болсон нь Монголын Мянганы Сорилын Сангийн Удирдах Зөвлөлийн даргыг сольсон явдал байлаа. Монгол улсын ЗГ, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ ёсоор Монголын талаас энэ төслийг хариуцагч нь Монгол улсын Гадаад хэргийн сайд, Америкийн талаас Мянганы Сорилтын сангийн Дэд ерөнхийлөгч байхаар заасан байгаа. Тэгэхээр аливаа солио хийх нь энэ гэрээг зөрчинө гэсэн үг. Хэрвээ гэрээнд өөрчлөлт оруулах болбол хоёр улсын ЗГ, УИХ, конгресс сенатаар л хэлэлцэх шаардлагатай баймаар юм даа. Гэтэл гадаад хэргийн сайдыг сангийн сайдаар сольсон нь олон улсын гэрээ зөрчсөн хэрэгт орох вий дээ. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй компанийн хэлж буйгаар Удирдах зөвлөлийн дарга солигдсоноос болж сонгон шалгаруулалт сунжирсан гэж буй нь бас л тайлбар шаардаж байна.
  5. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын явц огт сураггүй байснаа гэнэт 12 сарын эхээр ярилцлага хийсэн бололтой, гэтэл сонгон шалгаруулалтад оролцож сүүлийн шатанд шалгарсан гэсэн майл хүлээн авсан хэд хэдэн хүн одоо хүртэл ямар ч мэдээлэлгүй сууж байх юм. Сангийн сайд удирдан сангийн яаман дээр ярилцлага хийсэн гэх боловч тэр өдөр нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий компани нь юу ч мэдэхгүй, ямар ч мэдээлэлгүй сууж байсныг юу гэж тайлбарлах вэ? Компанийн зүгээс өгсөн албан бус тайлбараар Удирдах зөвлөлийн дарга өөрийн үзэмжээр ярилцлагад орох хүмүүсийг сонгож, энэ ор, энэ битгий ор гэж хэлж шийдсэн бололтой, ийм байж болох уу? Уул нь дүрэм болон олон улсын гэрээ ёсоор Удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй харин дүн гарсны дараа баталгаажуулж гэрээ хийдэг л үүрэгтэй юм байна. Зарим сайтад энэ ярилцлага бас л учир битүүлэг байсан тухай бичсэн байх юм. Мянганы сорилын сангийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын ярилцлага сангийн яаманд зохион байгуулагдах нь хэр зохимжтой вэ? Америкчуудын нүдээр соёлоор хэмжвэл их л зохимжгүй бүүр болохгүй харагдаад байх юм. Арай анхнаасаа л хүссэн дүнгээ гаргах зорилгоор зохион байгуулсан юм биш биз.
  6. Сонгон шалгаруулалтын эцсийн дүн албан ёсоор одоо хүртэл гараагүй түр хэмээгдсэн гүйцэтгэх захирал байсаар байгаа нь ямар учиртай юм бол. Арай Америк талаас энэ бүх будилаан, ойлгомжгүй зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш биз. Энэ тухай Удирдах зөвлөлийн хараат бус гишүүд болох МХАҮТ-ын ерөнхийлөгч, усны салбарын урдаа барих эрдэмтэн доктор, Зориг сангийн захирал зэрэг хүмүүс үгээ хэлэхгүй байсаар л байгаа нь огт ойлгомжгүй.
  7. Эцэст нь Монголд нүүрлээд буй усны хомсдолын болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн бодитой хөрөнгө оруулалт болох энэ сайхан төсөл маань энэ мэтийн албан тушаал байр суурины төлөөх тулга тойрсон хэрүүл маргаан, будилаанаас болоод зогсох вий дээ. Сонгон шалгаруулалтын талаар хэн нэгэн нь олон улсын шүүхэд хандахад л төсөл зогсох аюултай. Учир нь энэхүү төсөл олон улсын гэрээнд суурилсан учраас Монголын шүүхийн биш олон улсын шүүхийн асуудал юм байна. Нэг сонгон шалгаруулалтаас болж улсынхаа нэрийг олон улсад шившиглэж, асар том усны, дэд бүтцийн төслөө алдах вий дээ.

 

Ганц ч гэсэн төсөл хөтөлбөр, тэр тусмаа устай холбоотой төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжээсэй гэсэндээ энэ бүхнийг бичив. Мянганы сорилын Сан хэмээх Америкийн Нэгдсэн улсын Засгийн Газрын байгууллага ч тэр, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам ч тэр татвар төлөгчдийнхөө мөнгө, хоёр улсын харилцааг бодож, шударга ёсыг дээдэлсэн, аливаа будилаан, маргааны учрыг олж, асуудлыг цэгцлэхгүй бол хоёр улсын харилцаанд сэв сууж болзошгүй ээ. Мөн мянганы хөгжлийн сангийн төсөл хөтөлбөр үнэгүйдэж, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хэрэв энэ асуудлыг АНУ-аас Монголд суугаа элчин сайд яам анхааралдаа авахгүй бол тухайн хүмүүс ч монголын эрхтэн дарга нараас ялгарахгүй болжээ гэх ойлголтод ард иргэд хүрч болзошгүй ээ. Учир нь монгол дарга нар албан тушаалыг  ханцуй дотроо наймаалцаж, тал тохой татаж, арын хаалга, ттулга тойрсон явуургүй арга хэрэглэж буй учир дээрх хачирхалтай, ойлгомжгүй байдал үүссэн байх. Тэр сонгон шалгаруулалтад оролцсон нөхдүүд маань ч зоригтой ил гарч ирж гомдол, санал байвал хэлэх цаг болжээ. Дуугүй байж хэн нэг улс төрчийн тоглоом болгомооргүй байна.