“Бидний Цөөхөн Монголчууд” (Nomadic Geography) Солонгост.

“Бидний Цөөхөн Монголчууд” (Nomadic Geography) Солонгост.

Хүний хөгжлийн төлөөх “Ядамын Мөнхчулуун” сангаас хэрэгжүүлдэг “Бидний Цөөхөн Монголчууд” (Nomadic Geography) төслийн зүгээс Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэж энэхүү мэдээллийг хүргүүлж байна. 21-р зууны нүүдэлчдийн ахуй амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ уламжлалт ёс зан заншил, биет болон биет бус соёлын өв, монгол угсаатны онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологиор баримтжуулж, мэдээллийн цогц архив бий болгож хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү төслийг 2017 оны 3 сарын 2-ны өдрөөс эхлүүлэн амжилттай хэрэгжүүлээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид Монгол улсын 8 аймагт хүрч ажилласны дээр ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, Халимаг, Тува, Буриад, Агын тойрог, Москва хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Хөх хот, Япон улсын долоон хот, мужуудад тус тус хүрч энэ цагийн нэгдсэн түүхэн архивтаа хамруулсан билээ. Манай бүтээлүүд олон нийтэд нээлттэй байх зорилгын хүрээнд хоёр удаагийн нийт 1,200 гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж хамтын ажиллагааны хүрээнд олон улсад Монгол улсыг сурталчлан таниулах зорилгоор Гадаад Харилцааны Яаманд тухай бүрт нь хандивлаж ирсэн. Үндэсний газар зүйн мэдлэгийг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой шинжлэх ухаан, боловсролын “National Geographic” байгууллагатай хамтарсан англи, монгол тайлбартай гэрэл зургийн номоо хэвлүүлж, цахим сүлжээнд болон МҮОНРТ, орон нутгийн болон бусад телевизүүд, мөн өөрсдийн “Бидний Цөөхөн Монголчууд” телевизийн сувгаа нээж бүх нэвтрүүлгүүдээ тасралтгүй олон нийтэд хүргэж ирсэн. “Бидний Цөөхөн Монголчууд” төсөл нь цар тахлын улмаас хэсэг хугацаанд завсарласны дараа ирж буй 2023 онд БНСУ-д оршин суугаа нийт Монгол туургатан иргэдэд хүрч нэг жилийн хугацаанд ажиллахаар төлөвлөөд байна. Солонгос улсад ажиллах хугацаанд нийт 27,000 километр орчим замыг туулж монголчууд хамгийн ихээр төвлөрсөн 9 муж хот, дагуул хотуудад дөрвөн улирлын туршид 8 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 500 орчим гэр бүл, иргэд, олон нийтийн байгууллагуудтай уулзаж, яриа ярилцлага, баримтат болон урлаг уран сайхны нэвтрүүлэг, шууд дамжуулалт, фото зураг зэргээр олон нийтэд хүргэж түүхчлэх болно. Мөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагааг онцолж, түүхчлэн харилцааны хөгжил дэвшлийг олон нийтэд хүргэхийг зорьж байна.