Монголын цагаар өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал АНУ-д болжээ. Монгол Улсын Засгийн газраас гаргасан хүсэлтийг тус сангийн захирлуудын зөвлөл хэлэлцсэн юм. ОУВС-гаас манай улсад гурван жилийн хугацаанд үргэлжлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр дэмжиж баталсан тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэв. Өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ын төлөөлөл болон бусад албаны хүмүүс энэ талаарх мэдээллийг албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм.
Ийнхүү Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт Монгол улс хамрагдсанаар 400 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийг авах нөхцөл бүрдэж байна. Үүний зэрэгцээ нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 5,5 тэрбум ам долларын урсгалд монгол улсыг чиглэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Үүний эхлэл болгож БНХАУ-аас 1,5 тэрбум ам долларын зээл болон буцалтгүй тусламжийн сураг гарсан. Мөн БНЭУ-аас 1 тэрбум ам долларын зээлийн эх үүсвэр яригдаж эхлээд байна. Энэхүү мөнгийг Газрын тосны үйлдвэр барихаар Засгийн газраас төлөвлөж эхэлжээ. Энэхүү зээлийн хэлэлцээрийг хийх эрхийг Засгийн газар Улсын Их хурлаас авахаар тогтоолын төсөл боловсруулан хэлэлцүүлж эхлээд байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн ч Сайд, дэд сайд нь байхгүй гэдэг шалтгаанаар хойшлогдсон билээ.
Ийнхүү ОУВС-ын хөтөлбөрт Монгол улс орох болсноор олон үүд хаалга нээгдэж гэсэн итгэл хүмүүсийн дунд бий болжээ. Энэ тухай УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээн өөрийн цахим сүлжээнд бичжээ.
Хэдийгээр ОУВС-ийн хөтөлбөрт Монгол улс хамрагдахаар болсон ч УИХ-ын 29-р тогтоолын 11-р заалтыг хүчингүй болгосон явдлыг эсэргүүцсэн хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Уг нь уг тогтоол хэрэгжсэн бол Монгол улсад ашигтай байсан гэж сөрөг хүчний зүгээс тайлбарлаж байгаа. Эрх баригч намын зарим төлөөлөл ч уг заалтыг хэрэгжүүлээд явах нь зөв байсан. Тусгаар улсын дотоод хэрэгт үндэстэн дамнасан компани ОУВС-аар дамжуулан нөлөөлсөн оролдлого боллоо гэж эсэргүүцсэн билээ. Рио тинто компани нь Монгол улсын банкаар дамжуулан орлогоо оруулахгүй гэсэн муйхарлал нь ийнхүү Монгол Улсын Их хурлын гаргасан шийдвэрийг 7 хоногийн дараа хүчингүй болгож чадсан билээ. Үүний үр дүнд ОУВС Монгол улсыг хөтөлбөртөө хамруулах шийдвэрийг гаргалаа.