Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.11.28/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногийн ажлын хэрэгжилтийг яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав.
Өнгөрч буй долоо хоногт Бодлогын хүрээнд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ны нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж ажилласны зэрэгцээ Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн "Залуус" хорооллын шугам сүлжээний инженерийн дэд бүтцийн ажилтай танилцаж, энэ оны ажлын гүйцэтгэлийг нь эрчимжүүлэх үүрэг өгч "Солонго 1, 2" орон сууцны төслийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний төслийг дахин боловсруулж, ЗГХЭГ-т хүргүүлж ажиллажээ.
Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллаж байна.
Дэлхийн хотуудын конгрессын "Ухаалаг хотуудын экспо"-д Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулж ажилласан, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 95,7 хувьтай хангагдсан, 9 аймгийн 18 сумын төвийн инженерийн шугам сүлжээний барилгын ажлыг явуулж байна, Нийт 16 аймгийн 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрны зургийн ажлыг бүрэн дуусгасан, Ипотекийн зээл олголтын хувьд /2022.11.25/-ны өдрийн байдлаар 6732 иргэнд 611,9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосон зэрэг ажлын мэдээллүүд тавигдлаа.
Дээрх болон бусад ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаарх танилцуулга мэдээллийн дараагаар яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга Л.Идэрцогт Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх аяны хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулав. Санхүүгийн үүсвэргүйгээр хэрэгжүүлэх боломжтой бүхий л хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эзэнжүүлж, эрчимжүүлэн ахиц гарган ажиллаж байгааг мэдээллээ.
Тус мэдээллийн дараагаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай эрчимжүүлэх шаардлагатай хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэв. Үүний дараа яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилт, хугацаа хоцорсон анхаарах асуудлуудын хүрээнд мэдээлэл өглөө.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд сайд Б.Мөнхбаатар дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүлгүүдийн хуралдаан, УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлдэх,
Засгийн газрын тогтоол, шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч, асуудлаа эрэмблэж, нарийвчлан танилцуулах,
Дарханы цэвэрлэх байгууламжийн төслийн ажилтай газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэн ажиллах,
Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийж, мэдээлэл сонсгох,
ХАНСЕТ, Магадлалын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах чиглэлд онцгой анхаарч, ажлаа түргэтгэх,
Оны эцсийн ажлуудаа 12-р сарын 15-ны дотор шахаж, тайлан төлөвлөгөөгөө гаргах,
Мэргэжлийн хяналтын бүтэц шилжин ирэхтэй холбоотой мэдээллийг дараагийн шуурхайд танилцуулах