Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг 21 аймагт зохион байгуулж байна.-
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэй танилцлаа.
Хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлж буй "Мэтагро" компани
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чандганы талд Мэтагро компани газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан цогцоор нь хөгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани нийт 10 мянган га талбайд үр тариа, тосны болон олон наст таримал, тэжээлийн ургамал тариалахын зэрэгцээ жилд 15.0 мянган үхэр шахан бордож, зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
Ажлын хэсэг тус компанийн байгальд ээлтэй, тав тухтай байдлаар шийдэж буй аж ахуйн тохижилт, орчин, ажилчдын байрны бүтээн байгуулалттай танилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун "Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг М-Си-Эс группийн охин компани хөдөө аж ахуйн салбарт зориглон орж байгаа нь тус салбарын хөгжилд түүчээлж, үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй" гэдгийг онцолсон юм.