Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцов.
Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийн талаар танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлагууд, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, "Хүнсний хувьсгал"-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Х.Болорчулуун: Тогтоол шийдвэр батлах, батлалцах нэг хэрэг. Харин ажил хэрэг болгоход түүчээлэх өндөр үүрэг хариуцлага бидний өмнө байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн нь салбар яамны баримталж байгаа ажлын зорилго төлөвлөгөөнд тусгалаа олж, бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө шуурхайлан ажиллаж байна. Миний бие УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг дэмжиж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын тухай 36 дугаар тогтоол гаргах ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Энэхүү тогтоолоо зөвхөн цаасан дээр үлдээхгүй ажил хэрэгч, бүтээлч, бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах зорилгоор 4 жилийн хугацаанд 1.7 их наядын санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн болон хүнс үйлдвэрлэгч нартаа олгохоор шийдвэрлэж байлаа.