ДОРНОДЧУУД ХҮНСЭЭ ДОТООДООСОО БҮРЭН ХАНГАХ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН БАЙНА

ДОРНОДЧУУД ХҮНСЭЭ ДОТООДООСОО БҮРЭН ХАНГАХ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН БАЙНА

-Наран ургах нутаг Дорнод аймагт "Хүнсний хувьсгал"-ыг эхлүүллээ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцлоо.Мөн Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх, 
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах, 
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.

"Дорнодчууд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, бусдыг хошуучлан манлайлж, энэ их үйлсэд өндрөөс өндөр амжилт гаргах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн сайд Х.Болорчулуун уриалсан юм. 

Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг 

Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал 

  • Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
  • Сүүний хэрэгцээг 73.5 хувь, 
  • Төмсний хэрэгцээг 66.8 хувь, 
  • Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь 
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,  
  • Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь, 
  • Өндөгний хэрэгцээг 21.5 хувь, 
  • Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна.