Ж.Эрдэнэбатын толгойлж байгаа мэргэжлийн засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Уг нь Улсын ИХ Хуралд 65 суудалтай. Ар нь ТҮЦ баймаар. Гэтэл өнөөх 65 суудал нь жалга дов, айл саахал, амраг садан, аа бас найз нөхөд, эрх ашгийн хүлээсээр нэгдсэн эрээвэр хураавар болчихсон гэнэ. Намын дарга М.Энхболд нь ёстой л шүдгүй арслан шиг хүчин мөхөсдөж байгааг МАН-ынхан өөр хоорондоо шивэр авир хийх болжээ. Энэ утгаараа өнөөдөр МАН-ынхан бүлгийн өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ.
Албан бус мэдээллээр бол Тусгаар тогтнолын ордны 7 давхарт хурал нь болжээ. УГ хурлаар хаалгаа янгинтал түгжиж, харуул хамгаалалт байрлуулан хаа хамаагүй холынхон битгий хэл өөрийн намын нөхдөө хүртэл үүдээрээ явуулахгүйгээр ярилцаж байгаа сураг дуулдаж байна. Тэгэхээр МАН-ынхан нэгэнт тэсэрчих гээд байгаа эрх ашгийг хүлээс, элдэв хэл амыг нэг мөр дарж авахаар ийнхүү шийдсэн бололтой юм.
Сураг сонсох нь ээ Мэргэжлийн засгийн газрын хувь заяаг шийдэх 2 сонголт МАН-ынхан дунд яригдаж байна.
Нэгд: Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулахгүйгээр шүд сугалах. Ингэхдээ ганц, нэг сайд биш. гурваас дөрвөн сайдыг сугалж огцруулах эсэх асуудлыг УИХ-аар оруулах нь зөв гэж үзэж байгаа бололтой.
Хоёрт: Үгүй бол нэг мөр засгийн газрынхаа хувь заяаг дуусгах. Ингэхдээ шууд Ж.Эрдэнэбатыг огцруулж засгийн унагаах тактик явагдаж байна. Ийм боломжийг эрэлхийлж байгаа хүмүүс нь олон. Тэдний хувьд нэгэнт хүч нь суларч, эрх мэдэл нь ганхаж эхэлсэн намынхаа даргыг унагааж авахаар шийдсэн бололтой.