МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ “НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО”-ООР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ “НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО”-ООР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Мах, махан бүтээгдэхүүнийг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Хуралд Ажлын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, ажлын хэсгийн гишүүд болох тус яамны холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага, Монголын махны холбооны төлөөлөл оролцсон юм.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг “нэг цонхны бодлого”-оор экспортлох боломжийн талаар одоо байгаа нөхцөлд хийсэн дүн шинжилгээг танилцуулснаас гадна мах, махан бүтээгдэхүүний экспортын зураглал гаргаж, цахим системд шилжүүлэх, ил тод болгох, нэг цонхны бодлогод шилжүүлэх талаар талуудын байр суурийг хэлэлцлээ. 

Экспортын “Нэг цонхны бодлого”

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 43 материалыг бэлтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, 7 байгууллагаас 26 нэр төрлийн баримт бичиг бүхий 43 материалыг давхардуулан бүрдүүлдэг. Энэ нь 8 баримт бичгийн давхардал үүсгэхээс гадна хамгийн багадаа 316 цаг буюу 13 хоногийг зарцуулдаг. 

“Экспортын нэг цонх”-ны цахим систем нэвтрүүлснээр

  • Баримт бичгийн давхардлыг арилгаж, 17 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлж, зарцуулах хугацааг 96 цаг хүртэл багасгах, 
  • Мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох эрх бүхий төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, 
  • Экспортын нэг цонхны цахим системд тэдгээр байгууллагуудыг холбох, 
  • Төрийн байгууллагын уялдаа холбоог ханган баримт бичиг бүрдүүлэлтийн шат дамжлага, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болохыг энэхүү хуралдаанаар танилцуулж, санал солилцсон юм.