Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарсан Аргентины шигшээ баг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос 42 сая ам.долларын шагнал хүртэх учиртай.
Харин мөнгөн медалийн эзэн Францын шигшээ 30 сая ам.долларыг хүртэх юм.
Хэдийгээр тамирчдад бүх мөнгийг хуваарилахгүй ч нэлээд хэсэг ногддог. Тухайлбал, шувтаргын тоглолтод Францын баг ялалт байгуулбал Килиан Мбаппе тэргүүтэй тоглогчид 558 мянган еврогийн /586 мянган ам.доллар/ шагнал хүртэнэ гэж Францын “L'Equipe” сонинд мэдээлж байжээ.
Мөн энэ удаагийн ДАШТ-д оролцсон хөл бөмбөгийн холбоо бүр 9 сая ам.долларын шагналын мөнгө, мөн тэмцээнд бэлтгэсний зардал хэмээн 1.5 сая ам.долларыг хүлээн авна.
“Катар-2022” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ багийн хувьд 27 сая ам.доллар, дөрөвдүгээр байр эзэлсэн Мароккогийн баг 25 сая ам.долларын шагнал хүртэнэ.
ОУХБХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн нийт орлого 7.5 тэрбум ам.долларт хүрсний дийлэнхийг тэмцээн дамжуулах эрх, ивээн тэтгэгчийн гэрээ, тасалбарын борлуулалт зэргээс олжээ.